2024/11/22

БНЭУ 41 дипломатаа энэ сарын 10-ны дотор эгүүлэн татахыг Канад улсаас шаардлаа

info@inder.mn
2023/10/04

Энэтхэгийн засгийн газар  Канад улсыг 40 гаруй дипломат ажилтнаа 10-р сарын 10-наас өмнө эгүүлэн татахыг шаардаж байна. Хэрвээ заасан хугацаанд эгүүлж татахгүй бол 10-р сарын 10-наас хойш тэдгээр дипломат ажилтны хуулиар олгогдсон эрх ямба, дархан эрхийг цуцлан гэдгээ анхааруулжээ. Энэ бол Канад, Энэтхэгийн хооронд үүсээд байгаа улс төр, дипломатын маргаан даамжирч байгаагийн нэг илрэл гэж шинжээчид үзэж байна. Шинэ Дэли дэх Канадын ДТГ Оттава дахь Энэтхэгийн ЭСЯ-тай харьцуулахад илүү олон тооны дипломаттай юм байна. Энэ тооны зөрүү Энэтхэгийн өв уламжлалыг тээж байгаа 1,3 сая Канадчуудын гэр бүлийнхэнд консулын үйлчилгээ үзүүлдэг консулын хэлтэсийн орон тоотой холбоотой гэж Канадын хэвлэлд мэдээлжээ. Өнөөдрийн байдлаар Канадаас Энэтхэгт 62 дипломат ажилтан ажилладаг, тэдний тоог 41-ээр бууруулахыг Шинэ Дэлигээс мэдэгдсэн юм байна. Дипломат ажилтны тоог бууруулна гэдэг хоёр орны харилцааны түвшин хумигдаж байгааг илэрхийлж байдаг. Канадын ЕС Жастин Трюдо өнгөрсөн 6-р сард Бритиш Колумбын нэгэн сүмд Сикх үндэстний удирдагчийн амь насыг хөнөөсөн хэрэгт Энэтхэгийн засгийн газар оролцсон гэж 9-р сарын 18ны өдөр мэдэгдсэнээс хойш хоёр орны харилцаа муудаад байна. Канадын ерөнхий сайд газар нутаг дээр нь иргэнийг нь хөнөөсөн хэрэгт Энэтхэгийн тусгай албаны ажилтан оролцоотой байна гэж буруутган, энэ хэргийн үнэн мөнийг тогтооход хамтран ажиллахыг Энэтхэгээс шаардаж, улмаар Энэтхэгийн дипломат ажилтныг тааламжгүй этгээдээр зарлан нутаг буцаасан. Энэтхэгийн засгийн газар ч адилхан хариу арга хэмжээ авч Канадын дипломат төлөөлөгчийг нутаг буцаасны зэрэгцээ Канадын иргэдэд виз олгохоо зогсоогоод байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна