2024/11/24

Үзлэг, оношилгоонд хамрагдах хуваарийн дагуу тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээг олгож байна

info@inder.mn
2024/01/05

Нийслэл  Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах үндэсний хорооноос Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг үнэ төлбөргүй наах ажлыг эхлүүлсэн.  Ингэхдээ өнгөрөгч оны  наймдугаар сард  нийслэлийн хэмжээнд цахим гэрчилгээг наах ажлыг зохион байгуулсан бол арваннэгдүгээр сард улс орон даяар зохион байгуулсан. Өнөөдрийг хүртэлх хугацаанд 128,400 орчим тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээг  суурилуулаад байгаа юм.

Тэгвэл Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуультай холбоотойгоор жолооч нар урт дараалал үүсгэн цахим гэрчилгээг наалгахыг зорих болжээ. Учир нь хууль нэгдүгээр сарын 8-наас  хүчин төгөлдөр хэрэгжиж эхлснээр цахим гэрчилгээг наалгаагүй тохиолдолд торгуулна гэх мэдээдлэл авчээ.

Ч.БАТЗОРИГ: ЦАХИМ ГЭРЧИЛГЭЭГ СУУРИЛУУЛЖ ДУУСТАЛ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛҮҮД ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ХЭВИЙН ОРОЛЦОНО

Иймд зөрүүтэй мэдээлэлд  Хотын даргын төсөл хөтөлбөр хариуцсан зөвлөх Ч.Батзориг тайлбар хийлээ.

“Ер нь 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс тээврийн хэрэгслийн үзлэг, оношилгоо эхэлсэн. Үүнтэй зэрэгцэн цахим гэрчилгээг наах ажлыг хийж байгаа учраас төвүүдэд ачаалал үүссэн байна. Одоогоор  тээврийн хэрэгсэл эзэмшиж байгаа жолооч нар гэрчилгээгээ цахимжуулахад ямар нэгэн төлбөр төлөхгүй. Мөн хуучин гэрчилгээтэй бол торгууль тавихгүй, замын хөдөлгөөнд хэвийн оролцоно. Иргэд яагаад урт  дараал үүсгэсэн бэ гэхээр цахим гэрчилгээ наах сурталчилгааг хийсэн боловч жолооч нар сайн дураараа ирэхгүй байсан. Нөгөөтэйгүүр ЗТХЯ-ны хуваарийн дагуу нэгдүгээр сард автомашины үзлэг оношилгоог эхлүүлсэнтэй зэрэгцэн цахим гэрчилгээг нааж байгаа юм. Цахим гэрчилгээ суурилуулж дуустал тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд хэвийн оролцоно.Гэрчилгээг нахаад ямар нэгэн төлбөр хураамж авахгүй” гэлээ.

No description available.

Улаанбаатар хотын хувьд 2023 оны долоодугаар сард 447 мянган цахим гэрчилгээг нийлүүлэн, олгожээ. ЗТХЯ-аас 800 гаруй мянган цахим гэрчилгээний худалдан авалтыг зохион байгуулахын зэрэгцээ 21 аймгийн автомашин болон нийслэлийн нийтийн тээврийн хэрэгслүүдэд наах юм  Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод цахим гэрчилгээ дууссан, хомстсон асуудал байхгүй. Нэгж үнийн хувьд 6700 төгрөгөөр нийлүүлэгджээ. Мөн цахим гэрчилгээний систем хөгжүүлэлтийг ЗТХЯ-аас хийж байгаа, эцсийн байдлаар дуусаагүй. 2024 оны нэгдүгээр улиралд багтаан хөгжүүлэлтийг дуусгахаар төлөвлөжээ.

Замын хөдөлгөөний удирдлага зохион байгуулалтын нэгдсэн систем нэвтрүүлэх төслийн хүрээнд шалган нэвтрүүлэх товчоод, авто замын хяналтын камержуулалт, уулзваруудын гэрлэн дохио тоноглол болон RFID системийн дэд бүтэц бий болсон юм. Тодруулбал, гэрлэн дохиотой уулзвар бүхий 161 байршилд 455 RFID уншигчийг байршуулаад байна. 2024 оны нэгдүгээр сарын 8-наас цахим гэрчилгээг төлбөртэй суурилуулна гэсэн мэдээлэл ташаа бөгөөд нийслэлийн хэмжээнд 16 техникийн хяналтын төвд цахим гэрчилгээ олгож байгаа юм. Иймд жолооч та харьяалал харгалзахгүйгээр ачаалал багатай цэгт хандан цахим гэрчилгээгээ суурилуулах боломжтой.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна