2024/07/20

Хүний эрх хамгаалагчийн хорооны ээлжит хуралдаан боллоо

info@inder.mn
2024/03/28

Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэдэх орон тооны бус Хүний эрх хамгаалагчийн хорооны ээлжит хуралдаан боллоо.

Тус хуралдаанд ХЭҮК-ын “Хүний эрх, эрх чөлөөний талаарх 23 дахь илтгэл”-д тусгах “Иргэний нийгэм болон байгаль орчны чиглэлээр ажилладаг хүний эрх хамгаалагчдын эрхийн хэрэгжилт” сэдвээр гүйцэтгэсэн судалгааны тайланг Комиссын Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн дарга З.Өнөржаргал танилцууллаа.

Тайланд Иргэний нийгмийн байгууллагууд (CIVICUS)-ын Дэлхийн индексээр Монгол Улс 2018 оноос хойш буурсан үзүүлэлттэй гарсан ч 2022 онд 100 оноос 61 оноо авсан. Харин 2023 онд энэ үзүүлэлт 67 оноо болж өссөн ч иргэний орон зай, эвлэлдэн нэгдэх эрхийн хувьд “хязгаарлагдмал” гэсэн ангилалд хэвээр байгааг онцолсон юм.

Тус танилцуулгын дараа ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн референт Д.Мөнхтуяа Хороонд гомдол гаргасан иргэнд холбогдох дүгнэлтийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ.

Хуралдааны төгсгөлд Хүний эрх хамгаалагчийн үйл ажиллагааг тогтвортой явуулахад авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай гэдэг саналыг Хорооны гишүүн Э.Сундуй, Л.Баасанжав, Ц.Отгонтунгалаг, Ц.Оюунбаатар нарын гишүүд гаргаж Комиссын даргад хүргүүлэх ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэв.

Хуралд Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн Комиссын гишүүн, Хорооны дарга С.Дондов, Хорооны гишүүн Л.Баасанжав, Ц.Отгонтунгалаг, Э.Сундуй, Ц.Оюунбаатар, ХЭХХ-ийн дарга З.Өнөржаргал, референт Д.Мөнхтуяа, Хороо хариуцсан ажилтан А.Балдангомбо нар оролцлоо гэж ХЭҮК-оос мэдээллээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна