Монголдоо анхдагч гэж хэлж болох холын зайн морин тойруулгын “Hipay cup 24” уралдаан амралтын өдрүүдэд /2024.05.11,12/ Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дахь тойруулга дээр амжилттай болж өндөрлөлөө. Тус уралдаан эхний өдөр сонгомол дээд, их нас, сонгомол дунд ангиллаар болсон бол ням гарагт соёолон, сонгомол шүдлэн ангиллын уралдаанаар үргэлжилсэн юм.
Морин тойруулгыг “Монголын финтек групп” хувьцаат компанийн дэргэдэх “Монголын морин тойруулгын клуб” ХХК 100 хувь өөрсдийн хөрөнгө оруулалтаар бүтээн босгосон юм. Нээлтийн үеэр тус компанийн захирал Баттулгын Наранбат “Бид Монголын морин тойруулгын клубийг байгуулсан. Клуб гэсний учир нь цаашид 20-30 мянган хүн, уяачдын хөрөнгө оруулалтыг татаж Монголынхоо олон бүсэд ийм морин тойруулга барина гэж бодож байна. Ингэснээр жуулчид монгол морин уралдаан үздэг болж, энэ хэрээр монголчууд ашиг орлого олно” гэлээ.
Нийт 4.8 км урттай энэхүү морин тойруулга нь олон улсын стандартад бүрэн нийцсэн бөгөөд дэлхийд алдартай Кентаки, Хонконгийн жокей клубт ашигладаг секундийг 3000:1 хуваасантай тэнцэх хурдтай Photo finish камер байршуулсан юм. Ингэснээр үзэгчид хэн гэдэг уяачийн морь түрүүлж барианд орсныг маш нарийвчлалтай харах боломж бүрджээ. Мөн уралдах морьдын сэрвээний өндрийг тусгай төхөөрөмжөөр нарийвчлан хэмжиж, мал эмнэлэг, хүн эмнэлгийг ажиллуулсан байна.
Морин уралдааны бүртгэлийн хураамж нь 1 сая төгрөг байсан бөгөөд хураамжаа 100 хувь шагналын санд зарцуулсан байна. Сонгомол дээд, дунд, шүдлэн ангиллын түрүү магнайд мөнгөн шагнал, мөн тус бүр Приус-30 автомашинаар байлсан. Их нас, соёолон, шүдлэн насны байг “Hipay” болон “Монголын Морин Тойруулгын Клуб” хамтран ивээн тэтгэсэн юм. Сонгомол дунд насны байг Монгол Улсын Тод Манлай Уяач Б.Далай, сонгомол шүдлэн насны уралдааныг “EFES” группийн захирал О.Мөнхбат ивээн тэтгэлээ. Их морь, соёолон, шүдлэнгийн түрүү магнай тус бүр мөнгөн шагнал, 2023 онд үйлдвэрлэгдсэн Foton ачааны машинаар байлж, шагналыг газар дээр нь гардууллаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна