2024/11/23

Ахмад настны тухай болон Банкны тухай хууль, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжлээ

info@inder.mn
2024/05/17

Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд өнөөдөр (2024.05.16) үдээс хойш 14 цаг 29 минутад Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх санал хураалтаар үргэлжиллээ. Монгол Улсын Засгийн газраас 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн 12 хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлэв.


Харин дараа нь үдээс өмнөх хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийсэн Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн зарчмын зөрүүтэй 32 санал тус бүрээр санал хураалт явуулахад, гишүүдийн олонх дэмжсэн тул хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв.


Үүний дараа Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөс 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэлээ. Хууль санаачлагч гишүүн төслийн үзэл баримтлалыг өөрөө танилцуулсан бол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг илтгэсэн юм.


Улсын Их Хурлаас 2021 онд баталсан Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар банкийг нээлттэй болон хаалттай хувьцаат компанийн хэлбэрээр зохион байгуулах, банкны хувьцаа эзэмшигчдийн төвлөрлийг бууруулах зэрэг зохицуулалтыг оруулсан. Уг зохицуулалтын хүрээнд банкны системд нөлөө бүхий банкийг нээлттэй хувьцаат компани хэлбэрээр өөрчлөн байгуулах шаардлагыг тогтоосон бөгөөд үүний дагуу Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Хас банк, Төрийн банк анх удаа хувьцаагаа олон нийтэд санал болгон хөрөнгийн зах зээл дээр амжилттай гаргаж, банкны салбарын хувьцаа эзэмшигчдийн төвлөрлийн хэмжээ тодорхой хэмжээгээр буурч, банк санхүүгийн салбар 70 мянга гаруй хувьцаа эзэмшигчидтэй боллоо. Улсын Их Хурлаас 2021 онд баталсан Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу банкны системд нөлөө бүхий банкууд 5.0-11.6 хувийн хувьцааг, Богд банк 20.0 хувийн хувьцааг 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөрт багтаан олон нийтэд арилжиж, нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжсэн. Хэдийгээр банк хуульд заасан хугацаанд компанийн хэлбэрээ өөрчилсөн боловч банкны хувьцаа эзэмшлийн төвлөрлийг бууруулах хуулийн шаардлагын хэрэгжилтэд гадаад, дотоод нөхцөл байдлын улмаас хүндрэл үүссэн. Тухайлбал, банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх банкуудын тайланд банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн төвлөрлийг бууруулах арга хэмжээ  нь олон улсын хөрөнгийн зах зээл, боломжит хөрөнгө оруулагчдаас хамааралтай байгаа ба хувь нийлүүлсэн хөрөнгийн хувьцаа эзэмшигчдийн төвлөрлийг нэгэн зэрэг богино хугацаанд бууруулах нь боломжит цөөн тооны хөрөнгө оруулагчдад болгоомжлол үүсгэх, шийдвэр гаргалтад нөлөөлөх, улмаар эх үүсвэрээ хумих зэргээр банкны салбарын тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байна.

 

Мөн дээрх Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн шаардлага мөрдөгдөж эхэлсэн даруйд Ковид-19 цар тахлаас шалтгаалан тогтоосон тодорхой хязгаарлалт, ердийн үйл ажиллагааны идэвхжил суларснаас банкнуудаас шинэ хөрөнгө оруулалт эрэлхийлэх боломж харьцангуй хязгаарлагдмал байсан, Монголын хөрөнгийн захын өнөөгийн нөөц багтаамж  болон гадаад хөрөнгө оруулалтын татварын хэмжээ өндөр, Төв банкны бодлогын хүү өндөр зэрэг хөрөнгө оруулалтын орчин таатай бус байгааг харгалзан үзэхэд банкуудын хувьцаа эзэмшлийн төвлөрлийг дийлэнх банкнуудаас богино хугацаанд багтаан бууруулах боломж хязгаарлагдмал байна. Энэхүү хуулийн төсөлд банкны салбарт үзүүлсэн коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахал болон Монголын хөрөнгийн захын өнөөгийн нөөц багтаамж  болон гадаад хөрөнгө оруулалтын татварын хэмжээ өндөр, Төв банкны бодлогын хүү өндөр зэрэг хөрөнгө оруулалтын орчин таатай бус байгаа зэрэг нөлөөллийг судалж банкны хувьцаа эзэмшлийн төвлөрлийг бууруулахтай холбогдсон хуулийн хугацааг 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал хугацаагаар сунгахаар тусгана. Хууль батлагдсанаар банкны хувьцаа эзэмшлийн төвлөрлийг аажмаар бууруулах, банк, санхүүгийн салбарын тогтвортой байдал, засаглал болон хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх ач холбогдолтой бөгөөд банкны хувьцаа эзэмшлийн төвлөрөл бодитоор, үе шаттайгаар буурч, олон нийтийн хяналт, оролцоо бүхий банкны орчин бүрдэнэ гэж үзсэн хэмээн танилцууллаа.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин, Б.Бат-Эрдэнэ, О.Цогтгэрэл, Д.Ганбат нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, хуулийн төсөл өргөн баригдах үеэр ипотекийн зээлийн санхүүжилт шийдэгдсэнтэй холбоотойгоор иргэдэд зээл олгох явц хурдасаж эхэлсэн талаарх нааштай мэдээллийг холбогдох албаныхан өгсөнийг дурдаад, арилжааны банкууд харилцагчидтайгаа, ялангуяа малчдын зээлийн асуудлаар тулж харилцах нь чухал байна гэв. Ийнхүү гишүүд байр сууриа илэрхийлсний дараа Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 52,5 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.


Мөн чуулганы нэгдсэн хуралдаанаар Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.  Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2024 оны 04 дугаар сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа танилцуулав.


Хуулийн төслийг хэлэлцэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Д.Ганбат нар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Гишүүд асуулт, хариулт авч дууссаны дараа Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй нэг саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 52,5 хувь нь дэмжлээ. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв.


Засгийн газраас 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний төслийн талаар Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, тогтоолын төслийн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг танилцууллаа.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтад “Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна.” гэж, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт “Засгийн газар Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний төслийг жил бүрийн 05 дугаар сарын 01-ний дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ...” гэж заасны дагуу Эдийн засаг, хөгжлийн яамнаас “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө”-ний төслийг боловсруулан, Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон. Төслийг боловсруулахдаа “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” зэрэг хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигтэй уялдуулсан. Төлөвлөгөөний төсөлд салбарын яамд болон аймаг, нийслэл 2025 онд хэрэгжүүлэхээр нийт 68 их наяд төгрөгийн үнийн дүн бүхий 711 төсөл, арга хэмжээний санал ирүүлсэн. 

 

“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө”-ний төсөл нь “Эдийн засгийн өсөлтийн өгөөжийг өрх бүрд хүргэх” гэсэн зорилгын хүрээнд “Эдийн засгийн тогтвортой өсөлтийн бодлого”, “Эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх хүний хөгжлийн бодлого”, “Шинжлэх ухаан, дэвшилтэт технологид тулгуурласан засаглалын бодлого”, “Бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах бодлого”, “Ногоон хөгжлийн бодлого”, “Бүсчилсэн хөгжлийн бодлого”, “Улаанбаатар хотын бүсчлэл-20 минутын хотын бодлого”, “Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх” гэсэн бодлогын найман тэргүүлэх чиглэлийг тодорхойлж тусгасан. 

Тогтоолын төсөл батлагдсанаар Монгол Улсын Засгийн газар төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтад тулгуурласан эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлж, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, импортын хамаарлыг багасгах замаар эдийн засгийн зардлыг бууруулж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, төрийн үйлчилгээг ил тод, үр ашигтай болгож, засаглал, институцын чадавх, суурь дэд бүтцийг сайжруулан эдийн засгийн үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлнэ хэмээв. 


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, Б.Баттөмөр, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Ш.Адьшаа, Д.Батлут, Г.Занданшатар нар асуулт асууж, хариулт авав. Гишүүд эрчим хүчний салбарт дорвитой өөрчлөлт хийх шаардлагатай тулгарсан, улирлын шинжтэй ачааллыг аргацаасан байдлаар авч явж ирснийг нэг мөр шийдэх хэрэгтэй гэсэн саналыг хэлсэн юм. Ийнхүү Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцсийн хэлүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүлсэн юм.


Түүнчлэн Засгийн газраас 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Аюулгүй, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар танилцуулсан. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул хуралдаан даргалагч Байнгын хорооноос ирүүлсэн зарчмын зөрүүтэй таван саналыг нэг бүрчлэн уншиж, санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэн тул эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв.


Мөн Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг явуулсан талаарх Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Засгийн газраас 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар илтгэсэн юм. Зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлэхээр тогтлоо.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Товлосон асуудлыг ажлын цагт багтаан хэлэлцэж дуусаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуралдааны цагийг сунгаж болно” гэж заасны дагуу нэгдсэн хуралдааны цагийг сунгаж, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. 


Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин уншиж танилцуулав. Тэрбээр, Монгол Улсын Засгийн газраас 2024 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасны дагуу нэн яаралтай хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг УИХ-ын 2024 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлсэн.

Нийгмийн бодлогын байнгын хороо хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт заасны дагуу зүйл бүрээр хэлэлцлээ. Ажлын хэсгээс Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй 36 санал, найруулгын шинжтэй нэг санал болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй 9 санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүдээс асуулт гараагүй хэмээн илтгэв. Уг хуулийн төсөлтэй уялдуулан Эрүүл мэндийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай, Гаалийн тухай, Зөвшөөрлийн тухай, Зар сурталчилгааны тухай, Байгалийн ургамлын тухай, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай зэрэг хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг боловсруулна.


Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, байр суурь илэрхийлэх гишүүн байгаагүй тул хуулийн төслөөр зарчмын зөрүүтэй 51 санал тус бүрээр санал хураалт явуулж эхэлсэн юм.

Эм, хүнсний бүтээгдэхүүнийг нэгдсэн хяналт, бодлогоор зохицуулдаг дэлхийн стандартыг эх орондоо хэрхэн хэрэгжүүлэх талаар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар асуухад, өнөөдрийн байдлаар эм, эмнэлгийн хэрэгсэлд хяналт тавих зохицуулалт хоёр хуулинд байгаа гэсэн хариултыг Ажлын хэсгээс өгөв.


Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, Б.Энх-Амгалан нар дэмжихгүй гэсэн байр сууринаас санал хэлж, ашиг сонирхлын зөрчилтэй нөхөд Ажлын хэсэгт орсон, харилцан хамааралтай тул зөвшөөрлийн тоог нэмэгдүүлж, олгохоор болж байгааг эсэргүүцэв. Хуралдаан даргалагч Г.Занданшатар тэдний саналыг дэмжиж, Ажлын хэсэгт уг зарчмын зөрүүтэй саналаа татан авахыг санал болголоо. Харин Эрүүл мэндийн сайд С.Чинзориг үндэсний аюулгүй байдалтай холбоотой, стратегийн бүтээгдэхүүний талаарх шийдвэрийг хамаагүй эсэргүүцэж болохгүй гэв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Г.Дамдинням, Ш.Адьшаа, Ц.Сандаг-Очир нар байр сууриа илэрхийлж, үг хэлсэн юм. Чуулганы нэгдсэн хуралдаан 20 цаг 02 минут хүртэл үргэлжилж, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалт явуулсан ч зарчмын зөрүүтэй зарим санал маргаантай, хууль зүйн техникийн хувьд Зөвшөөрлийн тухай хуультай зөрчилдсөн, бусад хуультай уялдаагүй гэсэн шалтгаанаар хуралдаан даргалагчийн зүгээс гүйцээн боловсруулах чиглэл өгч, санал хураалтыг баасан гарагийн (2024‌.05.17) нэгдсэн хуралдаан хүртэл хойшлууллаа.

Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн найруулгыг сонссоноор энэ өдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна