2024/07/20

Фижи улсын Ерөнхий сайд асан Фрэнк Байнимарама нэг жил шоронд хоригдоно

info@inder.mn
2024/06/17

Фижи улсын Ерөнхий сайдаар олон жил ажилласан 70 настай Фрэнк Байнимарама нь Номхон далайн арлуудын нэр хүндтэй улс төрчдийн нэг бөгөөд тэрээр цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгаж буй авлигын хэрэгт саад учруулсан хэргээр нэг жилийн хорих ял авчээ.

Дээд шүүхийн шийдвэр гарсны дараа түүнийг энэ тавдугаар сарын есний өдөр гавлан авч явсан байна.

Өнгөрсөн сард цагдаагийн байгууллагаас тус улсын их сургуулийн луйврын хэргийг шалгаж байх явцад Байнимарама шударга ёсыг гажуудуулсан гэж буруутгагдсан.

Прокурорууд түүнийг Фижи улсын Цагдаагийн комиссар байсан найздаа “2020 онд Өмнөд номхон далайн их сургуулийн ажилтнуудын цалин урамшуулал, нэмэгдэл, албан тушаалын өөрчлөлт зэрэгтэй холбоотой асуудлыг шалгаж буй мөрдөн шалгах ажиллагааг зогсоох” тухай хэлсэн гэж мэдэгджээ.

Байнимарама өөрийгөө энэ хэрэгт буруугүй хэмээн мэдэгдсэн ч өнгөрсөн дөрөвдүгээр сард Шүүхээс түүнийг болон Цагдаагийн дарга Ситивени Килихогийг Их сургуулийн мөрдөн байцаалтын ажиллагааг таслан зогсоохын тулд эрх мэдлээ ашигласан болохыг тогтоосон байна.

Өнгөрсөн сард анхан шатны шүүхийн шүүгч түүний ялыг бүртгэхгүй байх шийдвэр гаргаж тэрээр хорих ялаас чөлөөлөгдсөн юм. Гэвч энэ шийдвэрийг Фижигийн ерөнхий прокурорууд эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргасан.

Тавдугаар сарын есөнд тус улсын дээд шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Байнимарама болон Килихо нарт хоёуланд нь хорих ял оноожээ. Килихог албан үүргээс нь түдгэлзүүлж, 2 жилээр яллав.

Шүүхийн гадаа Байнимарамагийн дэмжигчид цугларч түүний төлөө залбирч байхад эрх баригч улстөрчид шүүхийн шийдвэрийг сонсож баяртайгаар хүлээн авч байв.

Энэ хэрэг нь "Хууль зөрчсөн хүн шүүхийн өмнө хэн байх нь хамаагүй, бүгд хариуцлага хүлээдэг гэдгийг харууллаа" гэж Эв нэгдлийн Фижи намын дарга Савенака Нарубе хэлэв.

Харин Байнимарамагын улс төрийн нам болох ФижиФирст нь түүний талд зогсож байгаагаа ийнхүү илрэхийлжээ : "Байнимарама ФижиФирст намын удирдагч хэвээр байх болно, 2026 он гэхэд бид энэ асуудлыг шийдэх болно" гэж намын ахлах ахлагч Айяз Сайед-Хайюм хэлэв.

Байнимарама нь Цэргийн командлагч байсан ба анх 2006 онд төрийн эргэлт хийж Фижи улсад анх удаа засгийн эрхийг булаан авч байсан. Тэрээр 2014, 2018 оны сонгуульд ялснаар албан тушаалаа хадгалж үлдэж байжээ.

https://www.bbc.com

Нийтэлсэн: Авлигатай Тэмцэх газар



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна