Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Парис-2024” олимп, паралимпын тамирчдаа үдэж, Төрийн далбаа гардууллаа.
Тэрбээр, Монгол Улс хүн төрөлхтний эв санааны нэгдлийн илэрхийлэл болсон олимпын наадамд тогтмол оролцож, зуны олимпын наадмаас 30, паралимпын наадмаас 4 медаль хүртсэн олимпын амжилтын түүхтэйг дурдлаа.
Монгол Улсын Үндэсний шигшээ баг энэхүү амжилтын буухиаг үргэлжлүүлэхээр “Парис-2024” зуны гучин гурав дахь удаагийн олимп, арван долоо дахь удаагийн паралимпын наадамд оролцох бэлтгэлээ хангаж, зуны олимпын наадмын байт харваа, усанд сэлэлт, жүдо, бокс, чөлөөт бөх, дугуй, буудлага, хөнгөн атлетик, хүндийн өргөлт зэрэг 9 төрөлд 34, паралимпын наадмын пара пауэрлифтинг, пара байт харваа, пара таеквондо, пара усанд сэлэлт, пара жүдо, пара хөнгөн атлетик зэрэг 6 төрөлд 10 эрх, нийт 44 эрхийг баталгаажуулаад байгааг тодотгов.
“Парис 2024” зуны олимп, паралимпын наадмын мөчлөгт Үндэсний шигшээ багийн тамирчдыг бодлогын түвшинд шинжлэх ухааны үндэслэлтэй бэлтгэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй болгох, спортын сэтгэл зүйн чадамжийг сайжруулах, хоол, шим тэжээлийг тухайн спортын онцлогт тохируулан хэрэглэх чиглэлээр мэргэжлийн арга зүйгээр ханган ажиллах 4 төрлийн дэмжих багийг сүүлийн 2 жилийн хугацаанд тасралтгүй ажиллуулсныг хэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Парис 2024” олимп, паралимпод оролцоход бэлэн болсон нийт баг тамирчдад олимпын өндөр амжилт хүсэж, Парисын тэнгэрт алтан соёмбот төрийн далбаагаа олонтоо мандуулж, төрийн дууллаа дахин, дахин эгшиглүүлэхийн ерөөлийг өргөн дэвшүүллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна