2024/11/25

УИХ-ын гишүүн М.Мандхай: ТӨСВИЙН ХЭТ ҮРЭЛГЭН, ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГА НЬ ТОДОРХОЙГҮЙ ЗАРДЛЫГ БУУРУУЛАХ ХЭРЭГТЭЙ

info@inder.mn
2024/11/08

УИХ-ын намрын чуулганаар 2025 оны улсын төсвийг хэлэлцэж байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн М.Мандхайтай ярилцлаа.

--Улсын төсвийн төслийн зарим заалтад та шүүмжлэлтэй  хандаж байгаа гишүүдийн нэг. Тухайлбал, хөдөө аж ахуйн салбарын төсөв огцом өсөлттэй байгааг та хүчтэй шүүмжилж байна. Та энэ асуудлаараа зарчмын зөрүүтэй санал гаргасан уу?

-Хөдөө аж ахуйн салбарын 2025 оны төсөв нь огцом өссөн байна. Бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр, хураамж, бусад зардал гэсэн зардлуудын талаар миний бие эсрэг байр суурь илэрхийлсэн. Энэ зардлыг эргэж харах, төсвийн тухай хуулийн дагуу зардлын ангиллыг зөв бүртгэж, цалин бол цалин дээр, бензин тос бол тэр зардал дээрээ задалж тавих саналыг хэлсэн байгаа.  Төрийн байгууллага өөрийн үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд өөрсдөө бүрэн хүчин чадлаараа, үр ашигтай ажиллах ёстой байтал гуравдагч этгээд болох бусдаар ажил үйлчилгээ гүйцэтгүүлэх нь зохимжгүй болохыг байнгын хороон дээр дэлгэрэнгүй мэтгэлцсэн. 2025 оны төсвийн тэлэлт хэт өндөр байгааг бид шүүмжилж байгаа. Гэхдээ  төсөв дээр шууд том дүнгээр огцом  таналт хийх нь төрийн үйл ажиллагаа нь тасралтгүй, хэвийн явуулахад хүндрэл учруулах эрсдэлтэй гэж үзэн Засгийн газраас санаачилсан төслийг дэмжиж санал өгсөн.

-Хөдөө аж ахуй бол манай стратегийн гол салбар. Хөдөө аж ахуйн салбарыг эдийн засагжуулахад юу анхаарах хэрэгтэй вэ?

-Хэлэлцүүлгийн явцад  хөдөө аж ахуйн салбар дахь төсөв, тус салбарт хийгдэх хөрөнгө оруулалт, жижиг дунд бизнес эрхлэгчдийг хэрхэн дэмжиж байгаа талаар  чуулган дээр ч, байнгын хорооны хурал дээр ч саналаа хэлж байгаа.  Энэ салбарын өнөөгийн нөхцөл байдал, хүрэх үр дүн, шалгуур үзүүлэлтүүд хэрхэн хангагдаж байгааг судалж, статистик тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийн, зарим зүйл дээр шүүмжлэлтэй байгаа. Миний бие УИХ-ын гишүүний тангараг өргөсөн цагаас эхлэн эдийн засгийг төрөлжүүлэх, тэр дундаа хөдөө аж ахуйн салбарын эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Жижиг дунд бизнес эрхлэгч, хоршоод болон малчдын үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр нарийвчлан судалж байгаа.  УИХ-ын даргын баталсан захирамжийн хүрээнд Шинэ хоршоо хөдөлгөөний  явц, анхаарах асуудалд дүгнэлт хийж, илүү боловсронгуй болгох талаар санал боловсруулан ажиллаж байна.

-Нийгмийн халамжийн чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг хэр дэмжиж байна вэ?

-2025 оны улсын төсвийн төсөлд инфляцийн түвшинтэй уялдуулан тэтгэвэр, тэтгэмж, төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй болон байнгын асаргаа сувилгаа шаардлагатай хүүхдэд ээлтэй бодлогыг хэрэгжүүлэхээр тусгажээ. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинэчлэхээр болсон нь сайшаалтай.  Бүсчилсэн хөгжлийн бүтээн байгуулалтад шаардлагатай татварын хөнгөлөлтийг эдлүүлэхээр болсон нь бизнес эрхлэгчдийг дэмжсэн зөв бодлого байна.  

Гэхдээ төсвийн хэт үрэлгэн, хэрэгцээ шаардлага нь тодорхойгүй зарим зардлыг бууруулах хэрэгтэй. Цаашлаад төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх суурь судалгааг хийж, бодитой хэмнэлт гаргамаар байна. Ер нь татвар төлөгчдөд дарамт учруулахгүйгээр төрийн оролцоог бууруулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа.

- Ирэх оны улсын төсвийн төсөлд Засгийн газрын мөрийн хөтөлбөртөө тусгасан 14 мега төслөө эхлүүлж, дэд бүтцийн хөрөнгө оруулалттаа ихээхэн хөрөнгө тусгасан байна. Та үүнийг хэрхэн харж байна вэ?

-Засгийн газраас эдийн засгийг тэлэх хөгжлийн томоохон бүтээн байгуулалт болох мега төслүүдийг хэрэгжүүлэх санаачилгыг дэмжиж байна. Энэ нь том зургаараа Монгол Улсын эдийн засагт хурдтай өсөлтийг авчрах боломж юм. Үндсэн хуулийн өөрчлөлтийг агуулсан бүсчилсэн хөгжлийн цогц реформын эхний шатыг хэрэгжүүлэх, тулгамдсан хугацаа шаардсан суурь асуудлуудыг шийдвэрлээр зориглосныг сайшааж байна. Бүсчилсэн хөгжлийн бодлогоо зөв авч явж байж Монгол Улсын эдийн засгийг тэлэх нь суурь шийдэл болно.

-Шинэ парламент, шинэ гишүүд УИХ-ын анхны намрын чуулганаа хийж, улсын төсвийг хэлэлцэж байна. Жил бүрийн УИХ-ын намрын чуулган ирэх оны улсын төсөв, Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл гээд хуулийн хугацаатай асуудлыг хэлэлцэж, ачаалал ихтэй байдаг. Хуулийн төслүүдтэйгээ танилцах, байр сууриа илэрхийлэхэд цаг хугацааны хувьд боломж хэр нээлттэй байна вэ?

-Засгийн газрын 220 гаруй мянган төрийн албан хаагчид, мэргэжлийн яамд, Сангийн яам нэгтгэн хагас жил шахуу хугацаанд боловсруулсан 2025 оны улсын төсвийн төслийг УИХ дээр нэг сарын дотор хэлэлцэж байна. Хуулийн хугацаатай уралдан хэлэлцэж байгаа энэ нөхцөлд Засгийн газраас өргөн барьсан төсөл дэх зарим заалтад гишүүний гаргасан саналаар зардлын өсөлтийг шууд бууруулах боломжгүй байлаа. Эндээс нэг зүйл ажиглагдсан. Энэ нь УИХ-ын гишүүд асуулт асуух хугацаа Дэгийн хуулиар хязгаарлагдмал, ажил хариуцсан мэргэжилтнүүдээс асуултынхаа хариуг тодорхой авч чадахгүй тохиолдолд их гарч байна. Цаашид асуултанд үнэн зөв, тодорхой хариултыг өгч байхыг бүх түвшинд анхаарч ажиллах шаардлагатай гэж үзэж байна.

-Жил бүр л “төсөв нэмэгдлээ, үрэлгэн байна” гэсэн хэл ам гардаг. Гэвч жилээс жилд нэмэгдэж байдаг. Үүнийг засахын тулд юун дээр анхаарах ёстой вэ?

 

Намуудын мөрийн хөтөлбөрт тусгасан Төсвийн зардлыг бууруулах, төсвийг алдагдалгүй болгох, улсын төсвийн зардлыг ДНБ-ий 25 хувиас дээшгүй болгох, төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшлийг дэмжих энэ зорилтдоо тууштай хандаж, үе шаттай арга хэмжээг авч хэрэгжүүлэх зэрэг заалтууд тусгасан. Тэгэхээр мөрийн хөтөлбөрийн энэ заалтаа бүгд хэрэгжүүлж ажиллах шаардлагатай байна. Төрийн оролцоог бууруулснаар татвар төлөгчид тэр дундаа жижиг дунд бизнес эрхлэгчдэд ирэх татварын дарамтыг хэрхэн бууруулах талаар суурь судалгааг хийж байна. Тиймээс судалгаанд үндэслэсэн шийдэл гаргаснаар 2026 оны төсөв илүү боловсронгуй болох давуу талтай гэж харж байна. Миний хувьд төсвийн зардлын өсөлт, төсвийн орлогын бүрдүүлэлтэд суурь шинжилгээ хийж, алдаа оноог яаралтай засах, шаардлагатай тохиолдолд хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход Засгийн газартай хамтарч ажиллана гэсэн байр суурьтай байгаа.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна