2024/11/29

Төрийн албаны нөөцөд бүртгэгдсэн тухай лавлагааг цаасаар авах шаардлагагүй

info@inder.mn
2 цаг 36 минутын өмнө

Төрийн албан хаагчид “E-Mongolia”-аас лавлагаа, тодорхойлолт авах нөхцөл бүрдлээ.

Тодорхой хэлбэл, төрийн жинхэнэ албаны шалгалт өгч тэнцэн, нөөцөд бүртгэгдсэн тухай лавлагаа, төрийн албан хаагчийн цалингийн тухай тодорхойлолт, төрийн албанд ажиллаж буй албан хаагчийн тодорхойлолтын үйлчилгээ үзүүлэх юм.

Эдгээр нь хамгийн эрэлттэй лавлагаа, тодорхойлолт учраас эхний ээлжид дээрх мэдээллийг оруулжээ.

И-Монгол академи УТҮГ-ын захирал Б.Мягмарнаран “Төрийн үйлчилгээг цахимжуулахад онцгойлон анхаарч ажиллаж байна. Энэ хүрээнд төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэх зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмадууд руу чиглэсэн үйлчилгээг түлхүү хүргэсэн. Өнөөдөр 200 мянга гаруй төрийн албан хаагчдад төрийн үйлчилгээг хүргэх зорилгоор төрийн албаны лавлагаа, тодорхойлолтыг “E-Mongolia”-д шинээр нэмж байна” хэмээн онцоллоо.

Цаашид төрийн албан хаагчдад зориулсан үйлчилгээг нэмэх, хүний нөөцийн удирдлага модулийг төрийн албан хаагч модултай холбох, хүний нөөцийн бүртгэдэг шагналын мэдээллийг сервисээр холбох нөхцөл бүрдэж байна.  Мөн төрийн албан хаагчдад зориулсан тусгайлсан цонх нээх боломжтой аж.

ЦХИХХЯ-ны газрын дарга Б.Бат-Өлзий “Сард 500 гаруй мянган иргэн И-Монголиагаар үйлчлүүлж байна. Төрийн үйлчилгээг цахимжуулахдаа цаасан маягтыг цахимжуулаад байна. Тиймээс програмчлагдаж болохуйц, төрд байгаа мэдээллээ дахин нэхэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх чухал. Холбогдох газруудаас татаж авахад мэдээлэл, өгөгдлийг шинэчлэх, аль ч төрийн байгууллага мэдээллийг нь авах зэрэг процесст өөрчлөлт оруулж, хэн нэгнээс хамаарсан байдлыг шинэчлэх шаардлага байна” хэмээн ярилаа.

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн “Төрийн албаны нөөцөд бүртгэгдсэн тухай лавлагааг авах тухай хүсэлт хамгийн ихээр ирдэг. Энэхүү хүсэлтийг цахимжуулчихвал аль аль талдаа ачаалал буурна” гэж онцлов.

“E-Mongolia” УТҮГ нь төрийн 29 системийг хариуцан ажиллаж байна. Одоогийн байдлаар 86 байгууллагын 1255 үйлчилгээг 1,9 сая иргэнд үзүүлжээ. Ингэхдээ Мобайл апп, ТҮЦ машин, иргэдэд үзүүлэх “Нэг цэг”- ийн үйлчилгээний төвөөр дамжуулан, хүргэж байна. Цахимаар 59,3 сая үйлчилгээг иргэдэд үзүүлж, 1,2  их наяд төгрөгийг хэмнэжээ. Цаашид хиймэл оюунд суурилсан үйлчилгээг үзүүлэхээр төлөвлөж байна.

Гадаадад байгаа 216 мянган иргэн, алслагдсан бүсэд амьдарч буй малчдад үйлчилгээгээ хүргэхэд анхаарч, Үндэсний дата төвтэй хамтран ирэх жилээс төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Мөн мэдээлэл хариуцагч 38 байгууллагын системийн найдвартай, тасралтгүй байдлыг хангахад анхаарах шаардлага бий. Тиймээс Хурын системийн тасалдалгүй байлгах чиглэлд анхаарал хандуулан ажиллаж байна гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна