2025/01/30

​Засгийн газрын бялуурсан пиар хийсэн ажлаа баллуурдах вий…

info@inder.mn
Өчигдөр 19 цаг 37 минут

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Засгийн газрыг хатуухан шүүмжиллээ. Тэрбээр "Эрдэнэс Тавантолгой"-той холбоотой хамгийн том оффтэйк гэрээг хийсэн компанийн захирал А.Амундрагаар Засгийн газар пиараа хийлгээд сууж байна. Засгийн газрын пиар хэтэрлээ. Гишүүд юм асуухаар л бүлэглэл, мафийн гар хөл байгаа юм шиг харуулдаг. Юманд хэмжээ хязгаар гэж байдаг юм шүү” хэмээн сануулав.

Энэ бол санамсаргүй хэлсэн үг биш. Анзааргагүй орхих ч үг биш. Ийн дүгнэх учир нь А.Амундра гэж хэн бэ гэдэгт байгаа юм.

Засгийн газар нүүрсний хулгайтай хатуу тэмцэхээ зарлаж, 9 оффтэйк гэрээг ил болгож, нууцаас гаргасан нь саяхных. Гэтэл оффтэйк гэрээ байгуулж, нууцлалын зэрэглэлд оруулж улсад 187 тэрбум төгрөгийн хохирол учруулсан газар нь “Бодь интернэшнл” компани. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг тус компани барьсан. Ингэхдээ “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК-тай оффтейк гэрээ байгуулан ажлын төлбөрт нүүрс авахаар тохиролцжээ. Монгол талаас хамгийн том худалдан авагч нь "Бодь интернэшнл" компани болсон гэсэн үг. Дээрх гэрээнд “Эрдэнэс Тавантолгой” компанийн ерөнхий захирал Б.Ганхуяг, “Тавантолгой төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал, “Бодь интернэшнл” компанийн захирал А.Амундра нар гарын үсэг зуржээ.

Өдгөө Б.Ганхуяг нүүрсний хэргээр ял эдэлж, Н.Удаанжаргал хилийн чанад руу оргон зайлж эрэн сурвалжлагдаж буй. Гэтэл оффтэйк гэрээ нэрээр улсад их хэмжээний хохирол учруулсан “Бодь интернэшнл” компанийн захирал А.Амундра уснаас хуурай гараад зогсохгүй Ерөнхий сайдын олон нийт, хэвлэл мэдээлэлтэй харилцах зөвлөхөөр ажиллаж байгааг юу гэж ойлгох вэ?

Нэгэн цагт АН-д, хотын дарга асан Э.Бат-Үүлд зөвлөж явсан А.Амундра медиа салбарт хэрэгжүүлсэн бүх төсөлдөө “Голомт”-ын Г.Баясгалангаас санхүүжилт авсан гэгддэг. Харин сүүлийн хоёр сонгуульд МАН-ын пиарыг сайн хийж, шагналаа ч хангалттай авсан бололтой.

Ийнхүү нүүрсний хэрэгт орооцолдсон хүнээр Ерөнхий сайд зөвлүүлж, Засгийн газрын пиарыг бялууртал, хальж хахтал хийж байгаа нь эсрэгээрээ засгийн хийж бүтээсэн ажлыг баллуурдах вий дээ…

Индэр.мн сайтын Сэтгүүлч Д.Биндэр



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.218
    Өчигдөр

    Амундрагаар пиараа хийхдээ яахав дээ хүн олдохгүй бган бх даа

    Хариулах