2025/02/11

Сум, хороонд ажиллах хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтныг чадавхжуулах, чиглүүлэх үндэсний хэмжээний сургалтыг орон даяар бүсчлэн зохион байгуулж байна

info@inder.mn
15 цаг 8 минутын өмнө

Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар 2025 оноос эхлэн сум, хороодод хүүхэд, гэр бүлийн нийгмийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг ажиллуулах цоо шинэ зохицуулалттай болсон нь Монгол Улсын хүүхэд хамгааллын тогтолцоонд бий болсон хамгийн том эерэг өөрчлөлт юм.

Өнгөрсөн долоо хоногт бүх аймаг, дүүргүүд шинэ нийгмийн ажилтнуудаа томилж, 833 хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнаар бүл нэмлээ.

Эдгээр шинэ мэргэжилтнүүдийг сургах чиглүүлэх ажлыг бүсчилсэн хэлбэрээр зэрэг зохион байгуулж байна.


Анх томилогдон ажиллаж байгаа хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудыг чиглүүлэх, мэргэшүүлэх богино хугацааны сургалт нь нийгмийн ажлын мэргэжлийн үйлчилгээг үзүүлэхэд зайлшгүй шаардлагатай мэдлэг, ур чадвар, хүүхэд хамгааллын үйлчилгээг үзүүлэх арга зүй эзэмшүүлэх зорилготой юм.

Тухайлбал Ховд аймагт Баян-Өлгий, Увс, Ховдын нийгмийн ажилтнууд сургалтад хамрагдаж байгаа бөгөөд Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Т. Ихтамираар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна.

Хэнтий аймагт ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул нээлтэд оролцож байгаа бөгөөд ХГБХХЕГ-ын ССМТ-ийн захирал Г.Ариунчимэгээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн нийгмийн ажилтнууд чиглүүлэх сургалтад хамрагдаж байгаа юм.

Баянхонгор аймагт Өвөрхангай, Архангай, Говь-Алтай, Баянхонгор аймгийн нийгмийн ажилтнууд сургалтад хамрагдаж байгаа юм. ХГБХХЕГ-ын ахлах мэргэжилтэн У.Долгормаагаар ахлуулсан ажлын хэсэг сургалтыг зохион байгуулж байна.

Хөвсгөл аймагт ГБХНХЯ-ны шинжээч Ж.Азжаргалаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж, Булган, Завхан, Хөвсгөл аймгийн ХГБНА-ууд мэргэшүүлэх, чиглүүлэх сургалтад хамрагдаж байна.

Дархан-Уул аймагт Сэлэнгэ, Орхон, Төв, Дархан-Уул аймгийн нийгмийн ажилтнууд сургалтад хамрагдаж, ГБХНХЯ-ны Гэр бүл, хүн амын хөгжлийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Цогтбаатар нээлтэд оролцон, ХГБХХЕГ-ын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын дарга Т.Барчинлэгсэмээр ахлуусан ажлын хэсэг ажиллаж байгаа юм.

ХГБХХЕГ-ын Мэдээллийн технологи, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга Н.Оюунчимэгээр ахлуулсан ажлын хэсэг Дундговь аймагт ажиллаж байгаа бөгөөд Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймгийн нийт 68 нийгмийн ажилтан чиглүүлэх сургалтад оролцож байна.


Анхан шатны нэгжид нийгмийн ажлын цогц үйлчилгээг үзүүлэхээр шинээр томилогдон ажиллаж буй нийгмийн ажилтнууд нь хүүхэд, гэр бүлийг хамгаалах тогтолцоог бэхжүүлэхэд хамгийн чухал үүргийг гүйцэтгэх юм.
 Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнууддаа ажилд нь амжилт хүсье.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна