2025/03/12

Д.Трамп: “Вашингтон зэвсэг нийлүүлсэн ч Украин тэсэж гарахгүй ч байж магадгүй”

info@inder.mn
Өчигдөр 10 цаг 13 минут

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Fox News телевизэд ярилцлага өгөхдөө Киевт зэвсэг нийлүүлэхээ зогсоосон шийдвэрээ тайлбарлав. Түүний батлан хэлснээр, Вашингтон зэвсэг нийлүүлсэн ч Украин тэсэж гарахгүй ч байж магадгүй гэжээ. Цагаан ордны эзэн Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийг АНУ-ын тусламжид талархаж сураагүй, тэр Байдений үед манай улсаас хүүхэд чихэр гуйж байгаа мэт л мөнгө гуйж авсан хэмээн дахин нэг зэмлэв. Гэсэн хэдий ч Дональд Трамп Украины газрын ховор металлыг олборлох гэрээ байгуулахад бэлэн, Зеленскийг Вашингтонд буцаж ирэхийг хүлээж байгаа гэдгээ мэдэгдлээ. 
Тэрээр Кремльд ая тал засаж байгаа гэдэг яриаг няцаагаад Оросын талаарх байр сууриа хатуу чанга хэмээн тодорхойлов. Анхны бүрэн эрхийн хугацаандаа ч Орост хатуу хандаж байсан, тэр байр суурин дээрээ хэвээр байгаа гэжээ. ОХУ, Германы хооронд баригдах гэж байсан “Северный поток-2” хийн хоолойг эсэргүүцсэн нь үүний баталгаа болж байгаа аж.
Орос, Хятадын бодлогын улмаас АНУ батлан хамгаалах зардлаа бууруулж чадахгүй байгаа ч Москвагийн лидер Владимир Путин болон Хятад, Хойд Солонгосын удирдагчтай сайн харилцаатай байгаа гэдгээ Трамп цохон тэмдэглэв. Украины лидер Зеленский Орост хандах байр сууриа өөрчилсөн тохиолдолд АНУ цэргийн тусламжаа сэргээнэ гэсэн байр суурьтай байгаа бололтой. NBC телевиз мэдээлж буйгаар, Киев эзлэгдсэн газар нутаг дээрээ буулт хийж, Украинд сонгууль явуулах ёстой хэмээн АНУ-ын засаг захиргаа үзэж байгаа аж. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна