Монгол Улсын Засгийн газрын өнөөдөр (2025.03.06)-ийн хуралдаанаар “Монгол улсын иргэнд 2025 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалт”-ыг хэлэлцэн баталлаа.
Засгийн газрын тогтоолоор 2025 онд нийт 8348 иргэнд 926.38 га газрыг өмчлүүлэхээр тогтоолоо. Ингэснээр тус тогтоолоор газар өмчлүүлэх байршил батлагдсан аймаг, нийслэл, сум, дүүрэгт иргэд газар өмчилж авах боломж бүрдэж байна.
Тухан шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Монгол Улсын иргэнд өмчлүүлэхээр туссан байршлыг Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системээр дамжуулан холбогдох хууль тогтоомжийн дагуу газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдсан эсэх, хамгаалалтын бүс, зурвас газар, улсын тусгай хэрэгцээний газар, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайтай давхцалтай байгаа эсэхийг тус тус шалгаж, давхцал, зөрчилгүй байршлуудыг тус Засгийн газрын тогтоолд тусгасан.
Ийнхүү тухайн жилд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтын саналыг холбогдох хууль, журмын дагуу давхцал, зөрчилтэй эсэхийг шалгадаг болсноор улсын хэмжээнд газар зохион байгуулалтын болон хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгүй газар олгож ирсэн сумдыг төлөвлөгөөтэй болгож, газар өмчлөлийг зөвхөн төлөвлөгөөний дагуу явуулах, газрын зөрчил, маргаан үүсэхээс сэргийлэх, газар чөлөөлөлтөд зарцуулах төсвийн зардлыг бууруулах зэрэг ач холбогдолтой юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна