Гуравдугаар сарын 19-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Украины лидер Володимир Зеленский нар утсаар холбогдож цаг орчим ярилцжээ. Эрчим хүчний байгууламжид цохилт өгөхөө зогсоохыг тэд зөвшөөрсөн байна. Трамп Украины эрчим хүч, цөмийн цахилгаан станцын ажиллагаанд тусламж үзүүлье хэмээн санал тавьж, Зеленский пуужингаас эсэргүүцэн хамгаалах Patriot систем нийлүүлэхийг хүсчээ. Украины удирдагч утасны яриаг нээлттэй, нааштай, үр дүнтэй болсон гэж дүгнээд хоёр улсын яриа хэлэлцээний баг мөдхөн Саудын Арабт уулзах гэж байгааг зарлав. Энэ онд бат бөх энх тайванд хүрнэ гэдэгт итгэж буйгаа Зеленский хэллээ. “Дайныг бүрэн төгсгөл болгох анхны алхмуудын нэг нь эрчим хүч, иргэний дэд бүтэц дээр гал зогсоох явдал байж болно. Би энэ санааг дэмжсэн, биелүүлж эхлэхэд бэлэн байна” хэмээн тэрээр Telegram суваг дээр бичжээ. Үүнээс гадна Америкийн тал фронт дээр гал зогсоох санал дэвшүүлснийг Киев хүлээн авч тэнгэрт, далайд гал зогсоох талаар ярилцахаар болжээ. “Трамп Путинтай Украины талаар юу ярилцсанаа хэлсэн. Тэнгэрт, тэнгист гал зогсоох асуудлаар бид тохиролцоонд хүрлээ. Фронт дээр гал зогсоох асуудлыг ярилцаж болно. Тулааны талбар дээрх нөхцөл байдал, олзны хүмүүсийг солилцсон талаар ярилцлаа” хэмээн Зеленский бичсэн байна. Ерөнхийлөгч Дональд Трамп “Украины лидер Зеленскийтэй үр бүтээлтэй, тун сайн ярилцлаа” гэсэн бол, Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролайн Левитт “Ерөнхийлөгч Трамп Украины эрчим хүч, цөмийн цахилгаан станцын талаар ярилцсан. АНУ энэ салбар дээр арвин туршлагатай, Украины станцууд Америкийн өмчлөлд орчихвол тэдний хувьд хамгийн сайн хамгаалалт болно” хэмээн ярьжээ. АНУ Киевт тагнуулын мэдээллээ үргэлжлүүлэн дамжуулна гэдгийг тэрээр онцолжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна