2025/11/15

Хассуурийн Ганхуяг ​гудамжиндаа лаазаа өшиглөнө үү

info@inder.mn
2 цаг 59 минутын өмнө

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Хассуурийн Ганхуяг сайдын зөөлөн сэнтийд тухаллаа. Өнгөрөгч баасан гарагт Төсвийн байнгын хорооны хурлаар 2026 оны улсын төсөв хэлэлцэх үеэр Х.Ганхуяг, Б.Жавхлан нарын гишүүд улаан, ногоон лааз өргөж, бусад гишүүд нь дагаад кноп дарж буй зураг, бичлэг цахим орчинд цацагдсан. Өөрөө үгүйсгэсэн ч илтэд гишүүдийн саналд нөлөөлж байгааг тэнэг хүн ч хараад ойлгохоор байгаа юм.

За ямар ч гэсэн Х.Ганхуяг бялуугаа хүртэж Монгол Улсын Шадар сайд боллоо. Гэхдээ ямар санал өгөхийг зааварласан энэхүү үйлдэл Засгийн газрын чиглэл байсан уу? Эсвэл сайдын суудлын үнэр авсан Төсвийн байнгын хорооны даргын чичирсэн увайгүй үйлдэл байв уу?

Анх Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах тухай УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн санаачилсан бичигт гарын үсэг зурсан 54 гишүүний 1 болох Х.Ганхуяг чуулганы нэгдсэн хуралдаанаар санал хураахад “огцруулахыг дэмжихгүй” гэсэн санал өгсөн нь ч сайдын суудлаар шагнуулахад давхар нөлөөлсөн биз.

Ардчилсан нам, Хөдөлмөрийн үндэсний нам дараа нь МАН-ын гишүүн болж нам дамжсан энэ хүнээс шударга ёс, хариуцлага, ёс зүй хүлээгээд нэмэргүйг дээрх үйлдлүүд ч харуулна.

Цаашид УИХ бодлого тогтоох газар биш багтай хэдэн жүжигчдийн тайз болж хувирахыг дахин хармааргүй байна.

Иргэд УИХ-ын гишүүдийг сонгохдоо хэн нэгэнд удирдуулж, тэдний үг, хүслээр хөдөлдөг тоглоомын хүүхэлдэй байгаасай гэж итгэлээ өгөөгүй. Сонгогчдоо тэнэг мэт хандаж, дур зоргоор авирлахыг зөвшөөрөхгүй. Тиймээс дараагийн удаа гудамжиндаа лаазаа өшиглөнө үү дээ.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна