-Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн дуу хоолой тод, чанга, олуулаа байх ёстой-
МАН-ын түүхэнд анх удаа хамгийн олон бүсгүйчүүд сонгогдон оролцсон 31 дүгээр Их хурлаас шинээр эмхлэн байгуулагдсан Бага хурал эмэгтэйчүүдийн 40 хувийн квотыг хангаж бүр давуулан бүрдүүллээ. Тодруулбал, Бага хурлын гишүүдийн 40.1 хувь нь эмэгтэйчүүд. Удирдах зөвлөлийн 39 гишүүний мөн л 40 хувь буюу 15 нь бүсгүйчүүд сонгогдлоо.
Энэ бол олон жил эмэгтэйчүүдийн дуу хоолой болж зүтгэсэн Б.Булгантуяад тавих дүн билээ. Тэрбээр “Монгол Ардын намын 31 дүгээр Их хурал Монгол Ардын намын Үндсэн дүрмийг Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн баталж, дүрмийн 1.5.8-д Намын бүх шатны сонгуульт байгууллагад 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйсийн төлөөлөл байна. Нэр дэвшүүлэлт, санал хураалтыг энэ шаардлага, хувь хэмжээнд нийцүүлэн зохион байгуулна гэж заасан нь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх түүхэн шийдвэр байлаа” хэмээсэн.
МАН эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшин дэх оролцоо, манлайллыг үнэлж, жендерийн мэдрэмжтэй алхам хийхэд түүний хувь нэмэр их байсныг хэн ч үгүйсгэхгүй. Өнгөрсөн хугацаанд адлуулахдаа адлуулж, урамшихдаа урамшиж, улстөр дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, квотоо нэмэгдүүлэх, алдахгүй байхын төлөө хамтран зүтгэгчидтэйгээ нэгэн үзүүрт сэтгэлээр зорьж ирсэн нь Х.Булгантуяагийн дайчин чанар, үнэлэгдэх хэмжүүр юм.
Тэд, тэр чадсан учраас өдгөө түүхэн өөрчлөлтийг түүчээлж, дараа дараагийн эмэгтэйчүүддээ хаалга нээж өглөө. Залуу үеийн эмэгтэйчүүдэд боломж нээлттэй боллоо. МАН-ын Удирдах зөвлөлд Б.Ану-Үжин, Б.Жавзандорж нарын 31 настай бүсгүйчүүд сонгогдсон нь нэг жишээ. МАН-ын дарга Н.Учрал ч “Жендерийн хариуцлагатай нам болно” хэмээн амлалаа.
Шийдвэр гаргах түвшинд яагаад эмэгтэйчүүдийн оролцоо чухал гэж?
Олон өнцгөөс тайлбарлаж болно. Юун түрүүнд, нийгмийн сэтгэл эмзэглүүлсэн олон асуудлыг шийдвэрлэхэд нарийн мэдрэмжээр гарц гаргалгаа, учир зангилааг олж хүчээр бус ухаанаар, эвээр шийдвэрлэхэд эмэгтэйчүүд илүү давуу талтай байдаг. Эмэгтэйчүүд улс төрийн соёлыг эерэгээр өөрчилдөг. Зарим судлаачийн үзэж буйгаар эмэгтэйчүүд улс төрд олноороо оролцсоноор улстөрийн манлайллын хэв маягийг илүү кооператив буюу харилцан бие биеэ ойлгох, хамтран ажиллах шинж чанартай болгох боломжтой аж. Мөн Дэлхийн банкны олон улсын харьцуулсан судалгаанаас харахад парламент дахь эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэх тусам авлигын түвшин буурч байгаа ерөнхий дүр зураг ажиглагддаг. Цаашлаад эмэгтэй улстөрчид гэр бүл, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамжийн тулгамдсан асуудлуудад эрэгтэй улс төрчдөөс илүү ач холбогдол өгдөг нь батлагдсан байна. Тиймээс шийдвэр гаргах түвшин эмэгтэйчүүдийн дуу хоолой тод, чанга, олуулаа байх ёстой юм.
Х.Булгантуяа чухам үүний төлөө зорьж, зүтгэж, эмэгтэйчүүдээ манлайлан түүчээлж байна. Түүнд, баяр хүргэе.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна