Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/ өнөөдөр 14.00 цагт хуралдаж Улаанбаатар хотын дарга Су.Батболдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэхээр товлосон ч ирц бүрдэхгүй байснаар 17.35 цагт эхэллээ. Хуралд ИТХ-ын 45 төлөөлөгчөөс 43 нь оролцсон юм.
Хурлын дараа НИТХ-ын дарга С.Амарсайханаас дараах зүйлийг тодрууллаа.
-Хотын даргыг огцруулахасуудлыг шийдэх сүүлийн хугацаа өнөөдөр байсан ч завсарлага авлаа. Үүнд тайлбар өгөхгүй юу?
-НИТХ нь хуульд заасан хугацааны дагуу асуудлыг хэлэлцэж эхлэх ёстой. Хэлэлцэж эхэлснээс хойш нам эвслийн бүлгүүд завсарлага авсан, хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд хурлын дэгийн дагуу завсарлага өгөх ёстой байдаг. Энэ дэгийн дагуу асуудлыг шийдвэрлэлээ.
-АН-ын бүлгийн хувьд заавал Ерөнхий сайдыг хуралд оролцох ёстой гэсэн шаардлага тавьж байна. Дүрмийн дагуу Ерөнхий сайд заавал өөрийн биеэр хуралд ирэх шаардлагатай юу?
-Ерөнхий сайд заавал өөрийн биеэр ирэх шаардлагагүй. Төрийн албан хаагчийг огцруулах шалтгаанаа албан бичиг, саналдаа маш тодорхой заагаад доод албан тушаалтнаараа ирүүлсэн байгаа. ИТХ бүрэн эрхийн хүрээнд асуудлыг хэлэлцээд, хариуг нь ирүүлэх л үүрэгтэй.
-Магадгүй ирэх долоо хоногт дахин завсарлага авбал яах вэ?
-Тухайн үед бид ярилцаад шийдлийг гаргах ёстой. Гэхдээ энэ асуудал сунжрах боломжгүй. Намын бүлэгт нэг удаа завсарлага өгдөг. Завсарлагын хугацаа дуусвал дахин завсарлага өгөх дэгийн журам байдаггүй.
-Хурал 14.00 цагт эхлэх байсан ч дөнгөж сая эхэлж байгаа нь Ерөнхий сайдыг хүлээсэнд биш МАН-ын бүлгийн хуралдаанаас болж сунжирлаа гэж харах хэсэг байна. Үүнд тайлбар өгөхгүй юу. Мөн намын бүлгийн хурлаар ямар асуудлыг ярилцсан бэ?
-Бүлгийн хурлаар нийслэлийн иргэдийн ажил, амьдралтай холбоотой, Засаг даргатай холбоотой асуудлыг ярилцсан. Мөн Ерөнхий сайд өөрийн биеэр ирэх эсэх асуудлын хариуг хүлээснээр хурал цагтаа эхлээгүй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна