УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы өнгөрсөн Баасан гарагийн (2018.12.21) хуралдаанд 10 цаг 56 минутад УИХ-ын 34 гишүүн хүрэлцэн ирсэн байв. УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан танхимд хүрэлцэн ирсэн гишүүдийг, мөн хүндэтгэх шалтгаанаар оролцох боломжгүй байгаа 7 гишүүнийг нэр дурдаад бусад 34 гишүүнийг чуулганы танхимд хүрэлцэн ирж, УИХ-ын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх бололцоог бүрдүүлэхийг хүслээ.
Өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын асуудлаар, Монгол Улсын Ерөнхий сайд цаг үеийн тулгамдсан асуудал буюу “Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилт, бэлчээр ашиглалтын талаар” мэдээлэл хийх хуваарьтай байгааг хуралдаан даргалагч сануулаад УИХ-ын нэр бүхий гишүүд болон Засгийн газрын гишүүдийг чуулганы танхимд хүрэлцэн ирж, ирц бүрдүүлэхийг сануулав.
Үргэлжлүүлэн тэрбээр “УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан ирц хүрээгүйн улмаас таван удаа хойшилсон. Өнөөдрийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч мэдээлэл хийнэ. Түүнчлэн өчигдрийн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг чөлөөлөх, томилох асуудал, Засгийн газраас нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн асуудлуудыг хэлэлцэх ёстой байсан. Гэвч Засгийн газрын гишүүд чуулганы нэгдсэн хуралдаанд орж ирэхгүй, асуудлаа танилцуулахгүй байна. УИХ-ын гишүүд бүрэн эрхийнхээ хүрээнд улс орны өмнө тулгамдаад буй асуудлуудыг хэлэлцэх шаардлагатай хэмээн үзэж мал аж ахуй, өвөлжилт, гадаад валютын ханш, агаарын бохирдлын талаар Засгийн газрын мэдээллийг сонсохоор хүлээж байна. Ерөнхий сайд энэ хугацаанд дөрвөн чухал сэдвээр мэдээлэл хийх ёстой байсан ч 4 дэх удаагаа хойшлуулж байгааг сануулья” гэлээ.
Ингээд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан хуралдаандаа хүрэлцэн ирсэн болоод ирээгүй гишүүдийн нэрсийг дуудаж танилцуулан, ирээгүй гишүүдийг хуралдаандаа ирэхийг удаа дараа шаардсан юм. 11 цаг 26 минутад УИХ-ын 36 гишүүн чуулганы танхимд ирцээ бүртгүүлсэн байна. Нэгдсэн хуралдааны ирц 48 хувьтай байгаа бөгөөд УИХ-ын 2 гишүүн чуулганы танхимд хүрэлцэн ирвэл чуулганы хуралдаан эхлэх боломжтойг хэлэв. Мөн Улсын Их Хуралд анх удаа сонгогдон ажиллаж буй залуу гишүүдээс Улсын Их Хуралд олон удаа сонгогдсон, Засгийн газрын танхимд олон удаа ажиллаж буй нэр бүхий гишүүдэд хандан шаардлага хүргүүлснийг дуулгав. Уг шаардлагад “Төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагааг таслалдуулахгүй, хэвийн явуулахад өөрсдийн оролцоогоор манлайлж Байнгын хороодын болон чуулганы хуралдаануудад идэвхтэй оролцож Монгол Улсын Үндсэн хууль болон УИХ-ын гишүүний тангарагаа биелүүлж ажиллахыг шаардаж байна” гэжээ.
Үргэлжлүүлэн тэрбээр чуулганы танхимд ирцээ бүртгүүлээгүй байгаа гишүүдийг нэгбүрчлэн нэр дурдаж нэгдсэн хуралдаанд оролцохыг дахин шаардаад "УИХ-ын 32 гишүүн хуралдаанд оролцохгүй байгаагаас үүдэн өнөөдөр улс орны өмнө тулгамдаад буй асуудал, үндэсний аюулгүй байдлын асуудлаар Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргын хувиар Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хуралд мэдээлэл хийх юм. Харин уг асуудлыг хэлэлцэхийг санаатайгаар хойшлуулж байгаа нь харамсалтай. Сахилга, хариуцлагыг УИХ-ын танхимаас, гишүүдээс, Засгийн газрын гишүүдээс эхлэх ёстой, ийм үүрэгтэй.
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гурван гишүүнтэй. Монгол Улсын Ерөнхийлөгч уг зөвлөлийн даргын хувиар мэдээлэл хийхээр төлөвлөөд байгаа бол Монгол УИХ-ын дарга М.Энхболд чуулганы танхимд хүрэлцэн ирсэн байна. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурав дахь гишүүний хувиар Монгол Улсын Ерөнхий сайд энэ мэдээллийг танилцуулах үеэр нэгдсэн хуралдаанд оролцох үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлэхгүй байгаад харамсаж байна. Өнөөдөр энэ танхимд хүрэлцэн ирж мэдээлэл хийхээр төлөвлөсөн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хүлцэл өчье. Өнөөдөр чуулганы танхимд хуралдаанаа явуулахаар ирсэн УИХ-ын 36 гишүүний нэрийн өмнөөс Монголын нийт ард иргэд, сонгогчдоосоо хүлцэл өчиж байна. Зургаа дахь удаагаа ирцээ бүрдүүлж чадахгүйд хүрээд байна. Ард түмнээсээ сонгогдсон, тэднээс төрийн эрх барих мандатыг авсан УИХ-ын нэр бүхий энэхүү 32 гишүүн УИХ-ын үйл ажиллагааг санаатайгаар таслалдуулж, тасралтгүй үргэлжлэх ёстой төрийн үйл ажиллагааг цалгардуулж ноцтой үр дагаварт хүргэхүйц байдал үүсгэж буйд туйлын их харамсаж байна. Энэхүү нөхцөл байдал хэтдээ маш сөрөг үр дагавартай, Монгол Улсын аюулгүй байдалд хамаарах эрсдлийг тооцон иргэд, сонгогч Та бүхэн өөрийн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүддээ шаардлага тавих нь зүйтэй.
Монгол УИХ-ын тухай хуульд чуулганы нэгдсэн хуралдаан тасалсан гишүүдийн цалинг хасах арга хэмжээ авах зохицуулалттай юм билээ. Тиймээс УИХ-ын чуулганы үйл ажиллагааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалж, хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааг санаатайгаар таслалдуулж байгаа нэр бүхий гишүүдийн цалинг хасах захирамжийг УИХ-ын дарга гаргах нь зүйтэй байна. Жирийн төрийн албан хаагчид нэг, хоёр минут ажлаа таслахад цалингаасаа хасуулдаг. УИХ-ын чуулганы танхимаас сахилга, хариуцлагыг эхлэх ёстой тул холбогдох хуульд нийцүүлэн УИХ-ын дарга захирамж гаргаж, нэр бүхий УИХ-ын 32 гишүүнд хариуцлага тооцох нь зүйтэй” гэлээ.
Ийнхүү чуулганы хуралдааны ирц бүрдэхийг 1 цаг 34 минут хүлээсний эцэст УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Монгол Улсын Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд мэдээлэл хийх боломжгүй болсныг зарлаад танхимд хүрэлцэн ирсэн УИХ-ын 36 гишүүний нэрийн өмнөөс нийт ард иргэдээсээ хүлцэл өчив хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна