2024/11/25

"Стандарт" банкны хэргийг ойрын үед шүүхэд шилжүүлнэ

info@inder.mn
2018/12/26

АТГ-аас өнөөдөр мэдээлэл хийх үеэр сэтгүүлчид нийгэмд хүлээлт үүсгээд буй, төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой хэргүүдийн талаарх сэтгүүлчдийн асуултад АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар хариулсныг тоймлон хүргэж байна. 

-ЖДҮХС-гаас УИХ-ын гишүүд тэдний хамаарал бүхий этгээдүүд зээл авсан хэргийг шалгаж байгаа юу. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-ЖДҮХС-гаас улс төрийн албан тушаал хашиж байгаа болон тэдний хамаарал бүхий этгээд зээл авсан хэрэг тогтоогдоод, мөрдөн шалгаж байгаа. 100 гаруй тэрбум төгрөгтэй холбоотой, олон аж ахуйн нэгж хамарсан хэрэг учраас цаг их орж байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон хэргүүдийн талаар бид тухайн үед нь мэдээлээд явна.

-ЖДҮХС-тай холбоотой УИХ-ын 10 гишүүнийг байцаасан гэсэн. Ер нь нийт хэдэн гишүүнийг шалгаж, байцааж байгаа вэ?

-УИХ-ын нэр бүхий гишүүд гэрчээр мэдүүлэг өгч байгаа. Тэдний хамаарал бүхий компаниуд зээл авсан учраас нөлөөлсөн эсэхийг тогтоох үүднээс мэдүүлэг авч байгаа. Гишүүдийн тоог хэлэх боломжгүй. Ямартай ч нэлээд олон гишүүн ирж гэрчийн мэдүүлэг өгч байгаа.

-Нэр бүхий гишүүдийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх саналыг прокуророос өгсөн гэсэн үнэн үү?

-ЖДҮ-ийн зээлтэй холбоотой асуудлаар гурван гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн байгаа.

-Нэрсийг хэлж болох уу?

-Нэрсийг одоогоор дурдах боломжгүй байна.

-Гурван гишүүнийг түдгэлзүүлэх болсон үндэслэл нь юу вэ. ЖДҮХС-аас авсан мөнгөө ББСБ-аар угаасан нь үнэн үү?

-Хэргийн үйлдэл, аргачлалын талаар мэдээлэл өгөх үүрэг хүлээхгүй. Зарим зүйл хуулиар хязгаарлагдсан байгаа тул хариулах боломжгүй байна.

-УИХ-ын гишүүн Оюун-Эрдэнийн хамаарал бүхий компани ЖДҮтэй холбоотой мэдээлэл байсан.

-УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнээс мэдүүлэг аваагүй байсан. Өмнөх хурал дээр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэтэй хамаарал бүхий аж ахуйн нэгж шалгагдаж байгаа юу гэсэн сэтгүүлчийн асуултад тийм ээ гэсэн хариулт өгсөн. Үүний дараа УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нийтэд хэд хэдэн мэдээлэл хийлээ. Түүн дээр мөрдөгч хэвлэлийн бага хурал хийснийхээ дараа сандарч хоёр ч УИХ-ын гишүүн рүү ярьж надаас уучлалт гуйсан гэсэн байсан. Би уучлалт гуйгаагүй ээ. Сэтгүүлчид мэдээд надаас асууж байгаа асуултад би худлаа ярих шаардлага байхгүй. Тухайн хамаарал бүхий аж ахуйн нэгж шалгагдаж байсан нь үнэн байсан учир надад уучлалт гуйх шаардлага байхгүй байсан. Худлаа яриад мэдээлэл хийчихсэн бол би хүнээр дамжуулахгүй өөрөө уучлалт гуйх чадамжтай хүн. 

-Хөгжлийн банктай холбоотой хэрэг юу болсон бэ?

-Хөгжлийн банктай холбоотой 30 гаруй дугаар бүхий хэрэг шалгагдаад прокурорт шилжсэн. Одоо шүүхэд хянагдаж байгаа.

-Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Салхитын мөнгөний ордны тусгай зөвшөөрөлтэй холбоотой 1.3 сая ам.доллар хураагдсан хэргийг мөрдөн шалгаж байна. Цар хүрээ нь өргөн, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон төрийн албан тушаалтанд их хэмжээний хээл хахууль өгсөн, өгөхийг завдсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Сэжиглэгдэн шалгагдсан хүмүүсийг гэм буруутай эсэхийг тогтоох ажил хийгдэж буй. Цагдан хоригдсон хүмүүст шүүхээс эрхийг нь хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байгаа.

-Салхитын мөнгөний ордтой холбоотой хураагдсан 1.3 сая ам.долларын хэрэг юу болж байна. Тэр мөнгийг буцаан өгсөн гэж үнэн үү?

-Ор үндэслэлгүй мэдээлэл. Буцааж өгөөгүй. Мөрдөн шалгаж ажиллагаа эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад буцааж өгөх асуудал байхгүй.

-Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжавыг мөрдөн шалгаж байгаа юу? 

-ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байсан Д. Дорлигжав бусдаас 4 сая доллар авсан тухай мэдээлэл нийтэд ил болж, энэ асуудал дээр мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Нийтэд мэдээлэл түгээсэн хүн нь түр хугацаагаар гадаад руу явчихсан учраас тэр хүнтэй уулзаж чадахгүй байгаа. Хэрэгтэй холбоотой бусад нотлох баримтуудыг шалгаад явж байгаа.

-БОАЖЯ-ны газрын дарга Г.Нямдавааг шалгаж байгаа нь үнэн үү?

-Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой хариуцаж байсан албан тушаалтнуудыг мөрдөн шалгаж байна. Цэвэр агаар сантай холбоотойгоор мөрдөн шалгах ажил дөнгөж эхлээд явж байгаа тул хэдэн албан тушаалтан холбогдон шалгагдаж байгаа талаар тоо одоогоор хэлэх боломжгүй байна. Улсын Ерөнхий прокурорын тушаалаар Цагдаагийн байгууллагатай хамтарсан Ажлын хэсэг байгуулсан. Сангийн зарцуулалтын талаарх мэдээллийг дараагийн хурлаар илүү тодорхой өгөх боломжтой болох байх.

-60 тэрбумын хэрэгтэй холбоотой мэдээлэл өгөхгүй юу?

-60 тэрбум төгрөгөөр төрийн албыг арилжсан гэсэн хэрэг хоёр жил яригдаж байна. 2017 оны долоодугаар сард эрүүгийн хэрэг үүсгээд ТЕГ, АТГ, ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба хамтарсан Ажлын хэсэг гаргаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Ингээд тухайн яриа болжээ гэдгийг тогтоосон. Харин хэрэгжсэн үү, үгүй юу гэдэг нь асуудлыг шалгахын тулд олон тооны иргэдийг нэгбүрчлэн дуудаж мэдүүлэг авах ажиллагаа хийгдэж прокуророос хэргийг хааж шийдвэрлэсэн байсан. Харин ТЕГ-аас энэ хэрэгт мэдээ мэдээлэл авлаа, хэргийг сэргээн шалгах шаардлагатай байна гэж үзсэний дагуу Нийслэлийн ерөнхий прокурор Д.Баярмагнай хэргийг сэргээгээд Ажлын хэсэгт мөрдөн шалгах шаардлагатай гэж даалгасан. Ажлын хэсэгт ажиллаж байсан цөөн албан тушаалтан өөрчлөгдсөн тул тушаалд өөрчлөлт оруулаад мөрдөн шалгах ажиллагааг тагнуулын байгууллага өөрсдөө шалгаж байгаа. Тэд тогтоогдсон нөхцөл байдлаа үнэлж хуульд заасан шийдвэр гаргуулахаар прокурорын байгууллагад хэргийг шилжүүлэх учиртай.

-ТӨХ-ны даргаар ажиллаж байсан Д.Сугар нарыг холбогдуулан шалгаж байсан Стандарт банкны хэрэг юу болсон бэ?

-Эдгээр нэр бүхий этгээдүүдтэй холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, оролцогчдод хэргийн материал танилцуулах ажиллагаа явагдаж байгаа. Ойрын үед прокуророос хэргийг шүүхэд шилжүүлнэ.

-Т.Бадамжунайг 60 тэрбум төгрөгтэй холбоотойгоор шалгах гэж дуудсан боловч хилээр гараад явсан гэсэн мэдээлэл байна. Энэ талаар мэдээлэхгүй юу?

-Т.Бадамжунайг 60 тэрбумын гэх хэрэгт дуудаж байцаалт аваагүй.

-Төмөр замын хэрэг дээр тайлбар өгөхгүй юу. Дээд шүүхээс хэргийг шийдсэн байсан. Ингээд дуусгаж байгаа юм уу?

-Төмөр замын гэх хэрэг дээр залилангийн гэмт хэрэг үйлдсэн гадаад улсын иргэнтэй холбоотой хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн. Бусад асуудал дээр гадаад улсад гарсан этгээдийг эрэн сурвалжилж мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Хэргийг хэрэгсэхгүй болгосон зүйл байхгүй.

-Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг телевизээр “Ачит Эх” гэдэг компанийн талаар ярьсан. Энэ талаар та бүхэн шалгасан уу. Энэ олон хэргийг шалгаж байгаа гээд олигтой хариу өгөхгүй юм. Зарим нь өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш шалгаж байгаа гээд чимээгүй.

-“Ачит Эх” компанитай холбоотой шалгагдаж байгаа хэрэг байхгүй.

Төрийн өндөр албан тушаалтнуудыг шалгана гэдэг, ялангуяа авлигатай холбоотой асуудлыг богино хугацаанд шийдээд шалгачих боломжгүй. Төрийн өндөр албан тушаалтнуудын хувьд ихэнх нь бүрэн эрхтэй, халдашгүй дархан эрхтэй. Мөн олон хүний оролцоотой үйлдэгддэг, нарийн зохион байгуулалттай тул цаг хугацаа авч байна. Бид мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй явуулж байгаа. Прокуророос өдөр бүр хяналт тавьж байгаа.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна