2024/11/24

ОХУ-ыг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс хасжээ

info@inder.mn
2022/04/08

НҮБ. /Anadolu/. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл дэх ОХУ-ын үйл ажиллагааг түр зогсоох тогтоолыг Ерөнхий Ассамблей пүрэв гарагт баталлаа.

Уг баримт бичгийг Серби, Израил зэрэг 93 улс дэмжсэн бол Алжир, Беларусь, Боливи, Бурунди, Төв Африкийн Бүд Найрамдах Улс, БНХАУ, Бүгд Найрамдах Конго Улс, Куба, Умард Солонгос, Эритрей, Этиоп, Габон, Иран, Казахстан, Киргиз, Лаос, Мали, Никарагуа, ОХУ, Сири, Тажикистан, Узбекистан, Вьетнам, Зимбабве улсууд дэмжээгүй байна. Харин Египет, Камерун, Гана, Энэтхэг, Кувейт, Мексик, Монгол, Пакистан, Саудын Араб, Өмнөд Африк, Арабын Нэгдсэн Эмирт Улс зэрэг 58 орон санал хураалтад оролцохоос түдгэлзжээ.

Тогтоолын төслийг АНУ, Украин, Латви зэрэг барууны орнууд бэлтгэсэн байна. Баримт бичигт дурдсанаар, Ерөнхий Ассамблей "Украин дахь үйл ажиллагаа"-ны улмаас ОХУ-ын НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл дэх гишүүнчлэлийн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргажээ. Үүний зэрэгцээ, ЕА "шаардлагатай бол асуудлыг эргэн харж болно гэж дурдсан байна.

НҮБ-д суугаа Украины байнгын төлөөлөгч Сергей Кислица санал хураалт явуулахын өмнө хэлсэн үгэндээ Украин дахь Оросын үйлдэл "зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан тул тус улсыг Хүний эрхийн зөвлөлөөс хасах шийдвэрийг үндэслэлтэй гэж мэдэгджээ.

"Орос улс хүний эрхийг зөрчөөд зогсохгүй олон улсын энх тайван, аюулгүй байдлын үндэс суурийг алдагдуулж байна" гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Харин ОХУ-ын байнгын төлөөлөгчийн орлогч Геннадий Кузьмин мэдэгдэхдээ, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл дэх үйл ажиллагааг нь зогсоох тухай тогтоол нь хүний эрхтэй ямар ч холбоогүй гэжээ. "Биднийг үндэслэлгүй буруутгаж байгааг бид эсэргүүцэж байна" гэж дипломатч мэдэгджээ.

Жаргал.Д

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна