Коронавирусийн Омикрон хувилбарын хүчтэй тархалтын улмаас Хятадын санхүүгийн төв Шанхай хот гуравдугаар сарын сүүлээс эхлэн хөл хорионы хатуу дэглэмд шилжээд байгаа.
Хөл хорио тогтоосноос хойш тус хотод халдвараар хүн нас барсан анхны тохиолдлууд өчигдөр бүртгэгджээ.
Нас барсан иргэд нь вакцинжуулалтад хамрагдаагүй 89-91 насны гурван хүн байсныг Шанхай хотын эрүүл мэндийн газар өчигдөр мэдээлсэн байна.
Тус хотын 60-аас дээш насны оршин суугчдын ердөө 38 хувь нь коронавирусийн эсрэг вакцины бүрэн тунд хамрагдаад буйг тус газраас бас мэдээлжээ.
Хятад орон даяар 2020 оны гуравдугаар сараас хойш Даваа гарагийг хүртэл Covid-19 өвчнөөр нас барсан ганц ч тохиолдол бүртгэгдээгүй байсан юм.
Эрх баригчид өнгөрсөн хугацаанд бүртгэгдсэн ихэнх нас баралтыг Covid-19 өвчнөөс шууд хамааралгүй, бусад төрлийн өвчин эмгэгтэй холбон тайлбарлаж байжээ.
25 сая оршин суугчтай Шанхай хот одоо хөл хорионы дөрөв дэх долоо хоногтоо шилжиж байна. Гэвч нэг өдөрт бүртгэгддэг халдварын тохиолдлын тоо 20,000-аас буухгүй байгаа юм.
Шанхайд дэгдсэн цар тахлын энэ удаагийн давлагаа Хятад улсын эрх баригчдын тууштай баримталж буй “Zero-Covid” (Ковидыг үл тэвчих) бодлогод хүнд хэцүү сорилт болж байна.
Эх сурвалж: BBC
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна