Өмнөд Солонгосын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Юн Сок Ёлийн тангараг өргөх ёслол энэ сарын 10-ны өдөр болно. Шинэ ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд улс орнууд ямар зиндааны төлөөлөгчөө илгээхээр болсон тухай мэдээлэл эхнээсээ ил болж байна.
Япон улс гадаад харилцааны сайдаа илгээх бол, БНХАУ-ын дэд дарга Ван Чишань mангараг өргөх ёслолд оролцох аж.
Мөн Өмнөд Солонгос бол Хятадын мөнхийн хөрш, хамтын ажиллагааны чухал түнш гэж Хятадын гадаад харилцааны яамны мэдэгдэлд тодорхойлсон байна. Харин Өмнөд Солонгосын KBS телевиз Хятад улс дэд даргаа илгээхээр сонгосон нь Юн Сок Ёлийн засаг захиргааг хяналтдаа байлгах зорилготой бололтой гэж мэдээлжээ. Шинээр сонгогдсон ерөнхийлөгч Юн Сок Ёль нь Өмнөд Солонгос улс АНУтай холбоотны харилцаагаа бэхжүүлж, Японтой гурван талт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд илүү ач холбогдол өгсөн бодлого явуулах төлөвтэй байгаа юм.
Японы хувьд Ерөнхий сайдынхаа оронд гадаад харилцааны сайд Хаяши Ёшимасаг илгээхээр өмнөх төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулсан байна. Хаяши даваа, мягмар гарагуудад Өмнөд Солонгосын шинэ ерөнхийлөгч болон түүний засаг захиргааны сайд нартай уулзалт хийхээр төлөвлөжээ.
Хаяши Токио, Сөүлийн хамтын ажиллагаа, мөн Америктай гурван талын харилцааг илүү хөгжүүлэх нь Умард Солонгосоос учруулж болзошгүй аюул заналхийллийг хянахад илүү дөхөм байхын зэрэгцээ бүс нутгийн тогтвортой байдлыг хангахад чухал үүрэгтэй гэж үзэж байна. Хаяши Өмнөдтэй харилцах харилцаанд дайны үеэс үлдсэн төвөгтэй асуудлууд үлдсэн ч тэдгээрийг орхигдуулж болохгүй гэсэн байр суурьтай байна. Ингэхдээ Японы засгийн газар Сөүлтэй эрүүл харилцааг хөгжүүлэхийг хичээх болно. Япон улс шинэ ерөнхийлөгч болон түүний шинэ Засгийн газартай нягт харилцаж, байр сууриа тууштай баримтлах сонирхолтой байгааг мэдэгдээд байна.
АНУ-ын хувьд Хөдөлмөрийн сайд болон дэд ерөнхийлөгч Камала Харрисын нөхөр, хуульч Дуглас Эмхофф нарыг илгээх юм. Ерөнхийлөгч Байден 5 дугаар сарын 20-нд албан ёсны айлчлал хийх гэж байгаатай холбогдуулан Вашингтон Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд илгээх зочдыг ингэж сонгосон байх гэж хэвлэлд онцолжээ. Тус айлчлалын үеэр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх нар дагалдан явах юм байна.
Мөн тэргүүн хатагтай Жилл Байден Украины байдалтай холбогдуулан 5 дугаар сарын 9-нд Румын, Словак улсуудад айлчлахаар төлөвлөж байна. Өмнөд Солонгосын шинээр сонгогдсон ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бусад улс орны төр засгийн төлөөлөгчид оролцохын зэрэгцээ дотоодын улс төрийн хүрээнийхэн, Samsung, LG зэрэг том компаниудын удирдлагууд уригджээ.
Тангараг өргөх ёслолд 3,3 тэрбум вон буюу 2,6 сая америк доллар зарцуулахаар төлөвлөсөн байна.
Нийтэлсэн: Moнголын мэдээ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна