Гурван долоо хоног орчим хугацаанд тайван амгалан байсан Украины нийслэл Киев хотыг Оросын зэвсэгт хүчин өчигдөр бөмбөгджээ.
Киев хотын төв дэх иргэний байгууламжууд Оросын пуужингийн цохилтод өртсөн байна. “Оросууд Киевийг дахин бөмбөгдөж эхэллээ. Орон сууцны барилга, цэцэрлэг пуужингийн цохилтод өртөв” гэж Украины ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Андрей Ермак мэдээлжээ.
Агаарын цохилтын үеэр нэг хүн алагдаж, зургаан хүн шархадсан байна. Киевийн бусад хэсгийг чиглэсэн дараагийн пуужингуудыг Украины агаараас хамгаалах систем устгасан тухай хотын дэд захирагч Микола Поворозник мэдээлжээ.
Киев хот агаарын цохилтод өртөж байх үеэр Германд дэлхийн Их Долоон гүрний удирдагчид цугларч байв.
“Энэ нь тэдний зэрлэг балмад байдлын илрэл юм” гэж тус чуулганд оролцож буй АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өчигдрийн агаарын цохилтыг шүүмжилжээ.
Киевт өгсөн цохилтын хариуд Оросын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ зарлаж, хүнд зэр зэвсэг Украинд нэмж илгээхийг Украины гадаад хэргийн сайд Дмитро Кулеба Их Долоогийн удирдагчдад уриалсан байна.
Украиныг хамгаалахын тулд өрнөдийн орнууд ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авснаар өөрсдөө ч ихээхэн хохирол амсаж байгаа.
“Үзэл санаанаасаа ухрахын үнэ, Путинд ялалт өгөхийн үнэ, Украины газар нутгийн томоохон хэсгийг алдахын үнэ өртөг өнөөдөр бидэнд тулгарч байгаа бэрхшээлээс хамаагүй өндөр байх болно” гэж Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон мэдэгдээд холбоотнуудаа Украины талд тууштай эвлэлдэн нягтрахыг уриалжээ.
Өчигдрийн уулзалтын үеэр АНУ, Их Британи, Канад, Япон улсуудын төрийн тэргүүнүүд Оросын алтны импортод хориг тавих санал гаргасан байна.
Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өчигдөр хийсэн ээлжит мэдэгдэлдээ Киевийн орон сууцны барилгын нуранги дороос долоон настай охин амьд гарсныг мэдээлжээ.
Охины аав өчигдрийн агаарын цохилтод амиа алдсан юм байна.
“Энэ охин манай оронд ямар ч аюулгүй өсөж торниж байсан юм. Орос улс эмэгтэйчүүд, хүүхдүүд, цэцэрлэг, орон сууц, эмнэлгүүдийг ялгалгүй дайсагнаж эхлэх хүртэл тэр ямар ч аюулгүй орчинд амьдарч байв” гэж Зеленский хэлсэн байна.
Украины агаараас хамгаалах хүчний мэдээлснээр Ням гарагт ОХУ-ын Астрахань мужийн нутаг дэвсгэрээс буюу 1,000 гаруй километрийн алсаас 4-6 пуужин харважээ.
Зарим пуужин нь өнөөдрийг хүртэл бөмбөгдөлтөд өртөөгүй байсан Черкаси хотын төвд туссаны улмаас нэг иргэн алагдаж, таван хүн шархадсан тухай орон нутгийн захиргаа мэдээлсэн байна.
Өчигдөр бас Индонезын ерөнхийлөгч Жоко Видодо дайны галыг зогсоох хүсэлтээ ОХУ-ын ерөнхийлөгч Путинд уламжлах тухайгаа мэдэгджээ.
Тэрбээр одоо Их 20-ын бүлгийг даргалж байгаа ба Германд эхэлж буй Их Долоогийн чуулганд урилгаар оролцох юм. Видодо энэ аяллынхаа үеэр Киев, Москва хотуудад айлчлахаа өчигдөр мэдэгдсэн байна.
“Дэлхийн хүнсний нийлүүлэлтийн сүлжээг сэргээхийн тулд дайныг зогсоох шаардлагатай байна” гэж Европ руу мордохынхоо өмнө Видодо сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. Дэлхийн үр тарианы томоохон үйлдвэрлэгч Украин улсын экспорт зогссон нь олон улс орныг хамарсан өлсгөлөн, хүнсний хомсдол үүсгэх аюулыг бий болгоод байгаа юм.
Эх сурвалж: Reuters
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна