2024/11/23

Тасманийн барыг сэргээх боломжтой гэж эрдэмтэд үзэж байна.

info@inder.mn
2022/08/17

  Одоогоос бараг 100 жилийн өмнө устаж алга болсон Тасманийн барыг дахин амьдруулах төслийг хэсэг эрдэмтэд эхлүүлжээ.

 

Нэг үе Австралийн ой шугуйг эзэгнэж байсан энэ араатан нь чоно шиг хэлбэртэй ч бар шиг судалтай амьтан байсан юм.

 

Хамгийн орчин үеийн генетикийн технологийг ашиглан Тасманийн барыг сэргээх боломжтой гэж эрдэмтэд үзэж байна.

 

Мельбурний Их сургуулийн генетикийн судалгааны лабораторийн профессор Эндрью Паск “Биологийн төрөл зүйлүүдийг устаж үгүй болохоос хамгаалах нь бидний үүрэг. Харамсалтай нь ийм үзэгдэл тасрахгүй байна. Үүнийг засах боломжийг технологи бидэнд олгох юм” гэж ярьжээ.

 

Цөөвөр чонын хэмжээтэй биетэй, шинжлэх ухаанд “thylacine” гэж нэрлэгдсэн энэ амьтан 2,000 орчим жилийн өмнө дэлхийн бусад тивүүдэд устаж, зөвхөн Австралийн Тасмани аралд үлдсэн юм.

 

1800-аад оны үеэс эхлэн тус аралд суурьшсан Европчууд мал сүргийг нь идэж цөөрүүлдэг гэх шалтгаанаар Тасманийн барыг олноор агнаж устгасан байна.

 

Хамгийн сүүлчийн Бенжамин нэртэй Тасманийн бар 1936 онд тус арлын амьтны хүрээлэнд үхэж байжээ.

 

Энэхүү төсөл нь шинжлэх ухааны хүч чадлыг батлан харуулах ач холбогдолтой гэж дүгнэжээ.

 

Гэхдээ устсан амьтныг дахин яг анхных шиг нь сэргээх боломжгүй гэж зарим эрдэмтэд үзэж байна. Тэдний үзэж байгаагаар шинээр бий болсон амьтан нь эрлийзэжсэн, хүний тусламжгүйгээр байгальд амьдрах чадваргүй байх гэнэ.

 

Устахын ирмэг дээр байгаа олон төрөл зүйлийн амьтныг аврахын оронд нэгэнт устсан амьтныг дахин бий болгоход их хөрөнгө мөнгө зарцуулах нь утгагүй гэж уг төслийг шүүмжлэх хүмүүс ч байна.

 

 

 

Эх сурвалж: CNN



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна