2024/11/23

Пакистан улсын газар нутгийн гуравны нэг үерийн усанд автжээ

info@inder.mn
2022/08/30

Зургаадугаар сарын дундуур эхэлсэн борооны улирал Пакистан улсад урьд өмнө үзэгдээгүй том үерийн гамшиг авчраад байна.

Албаныхны мэдээлснээр энэ удаагийн үерт 1,136 хүн амиа алджээ.

“Үерт автсан газар нутгийг нэг том далай гэж харж болно. Усыг гадагшлуулах ямар ч хуурай газар алга. Шууд утгаараа Пакистаны гуравны нэг одоо усанд автаад байна. Энэ бол бидний урьд өмнө үзээгүй том гамшиг юм” гэж тус улсын уур амьсгалын өөрчлөлт хариуцсан сайд Шерри Рехман өчигдөр ярьсан байна.

Энэ зун Пакистанд сүүлийн арван жилд ороогүй их хур тунадас унасан юм.

Сүүлийн 24 цагийн дотор 75 хүн үерт амиа алдсан тухай Пакистаны эрх баригчид өчигдөр мэдээлжээ. Нийт амиа алдагсдын гуравны нэг нь хүүхдүүд байна.

Үерт амиа алдагсдын тоо цаашид өсөхөөр байгааг бас мэдээлжээ. Гамшигт нийтдээ 33 сая хүн өртсөн нь Пакистаны хүн амын долооны нэг болж байна.

“Тосгонууд ээлж ээлжээр усанд живж байна” гэж Ням гарагт нисдэг тэргээр гамшгийн бүс нутагтай танилцсан Пакистаны ерөнхий сайд Шехбаз Шариф мэдэгджээ.

Нүүлгэн шилжүүлсэн олон мянган хүн маш хүнд нөхцөлд амьдарч байгааг тэр бас хэлсэн байна.

2010 онд Пакистаны түүхэнд хамгийн их хор хохиролтой үер болоход 2,000 гаруй хүний амь үрэгдэж байжээ.

Энэ удаагийн үер дээрх гамшгаас хохирлын хэмжээгээр давж болзошгүй болоод байна.

Гамшгийн дараах сэргээн босголтын зардал $10 тэрбумаас давах төлөвтэй байгаа тул Пакистаны эрх баригчид дэлхийн улс орнууд, олон улсын байгууллагуудаас тусламж хүсэж эхэлжээ.

Пакистаны хөвөнгийн тариалангийн нийт талбайн тал нь үерт урссан байна. Мөн жимс, хүнсний ногоо, будааны тариалангийн асар их газар үерийн усанд сүйджээ.

 

Эх сурвалж: BBC

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна