Япон улсын засгийн газар хөгжлийн албан ёсны тусламжийн бодлогоо ирэх оны эхний хагаст багтаан илүү “стратегид суурилсан” болгож өөрчлөх төлөвлөгөөтэй байгааг тус улсын гадаад хэргийн сайд Ёшимаса Хаяаши өнөөдөр мэдэгджээ.
Тус улсын хөгжлийн албан ёсны тусламжийн бодлого хамгийн сүүлд 2015 онд шинэчлэгдэж байсан юм.
Энэ удаа Хятад улсын эдийн засгийн дарамт шахалт, өрийн урхинд оруулах дипломат ажиллагаа, Украинд явуулж буй Оросын эзлэн түрэмгийлэх дайн зэрэг үзэгдлүүд бодлогоо шинэчлэхэд гол нөлөө үзүүлж байгааг Хаяаши тайлбарлажээ.
“Олон улсын нөхцөл байдал эрс өөрчлөгдөж байгаа энэ цаг үед хөгжлийн албан ёсны тусламжийг дэлхий нийтийн хүсэл зорилгод нийцсэн дипломат арга хэрэгсэл болгох нь чухал болж байна” гэж Хаяаши хэлсэн байна.
Бодлогын шинэчлэлийн хүрээнд тусламж хүлээн авагч орны хуулийн засаглалыг бэхжүүлэх амлалт, мөн Японы эдийн засгийн аюулгүй байдлыг хангахад шаардлагатай байгалийн нөөцийг тогтвортой нийлүүлэх амлалт чухал болох гэнэ.
Энэ асуудлаар бодлого боловсруулах зөвлөлийг олон улсын харилцааны болон бусад салбарын мэргэжилтнүүд, бизнесийн лидерүүдийг оролцуулан байгуулж, ирэх долоо хоногт эхний уулзалтыг зохион байгуулахаар болсныг Японы гадаад хэргийн яам мэдээлжээ.
Эх сурвалж: Kyodo News
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна