2024/11/23

Дайн дуусахад эрт байгааг НҮБ-ын тэргүүн ОХУ-ын ерөнхийлөгчтэй утсаар ярьсныхаа дараа анхааруулав

info@inder.mn
2022/09/15

Лхагва гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьсныхаа НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш дайн дуусахад эрт байгааг анхааруулжээ.

Тэрбээр Оросын хүнс, бордооны экспортод саад болж буй хүчин зүйлсийг арилгах талаар Путинтэй голлон ярилцсан байна.

“Энх тайван байдал тогтох цаг хол байна гэсэн сэтгэгдэл надад төрлөө. Дайн ойрын үед дуусна гэвэл би худлаа хэлсэн болно. Одоогоор энхийн хэлэлцээр байгуулах боломж маш бага байна. Гал зогсоох боломж ч харагдахгүй байна” гэж Гутерреш утсаар ярьсныхаа дараа мэдэгджээ.

Гэсэн хэдий ч дайтагч талуудтай тогтмол холбоотой байж, “хэзээ нэг өдөр дээд түвшний яриа хэлэлцээ эхэлнэ” гэдэгт найдаж байгаагаа НҮБ-ын тэргүүн илэрхийлсэн байна.

Долдугаар сард Орос, Украин улсууд Хар тэнгисийн үр тарианы экспортыг сэргээх гэрээг НҮБ болон Турк улсын зуучлалтай байгуулсан юм.

Энэ гэрээ 120 хоног үйлчлэх хугацаатай. Гутерреш өчигдөр гэрээний хугацааг сунгах, экспортын хэмжээг нэмэгдүүлэх талаар Путинтэй санал солилцжээ.

Өнгөрсөн хугацаанд Украинаас 3 сая тонн үр тариа экспортлогдсон байна. Харин Оросын хүнс болон бордооны экспорт Өрнөдийн хоригийн улмаас нэмэгдэхгүй байгаа.

Өчигдөр Гутерреш аммиакийн экспортыг Хар тэнгисээр дамжуулах боломжийн талаар Путинтэй ярилцжээ.

Аммиак нь бордооны чухал орц болдог бөгөөд байгалийн хийгээс гаргасан устөрөгчийг агаараас гаргаж авсан азоттой нийлүүлэх замаар үйлдвэрлэдэг юм.

Байгалийн хийн үнэ ханш өссөн шалтгаанаар Европын хэд хэдэн бордооны компани аммиак үйлдвэрлэхээ зогсоогоод байгаа.

Бордооны нийлүүлэлт ноцтой түвшинд хүрч буурснаар ирэх онд дэлхий даяар хүнсний хомсдол үүсэх эрсдэлтэй болсныг Гутерреш өчигдөр анхааруулжээ.

Тэрбээр бас олзны цэргүүдийг солилцох, Запорожийн атомын цахилгаан станцын аюулгүй байдлыг хангах асуудлаар Путинтэй ярилцсанаа мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: AFP

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна