Их Британийн BBC телевизийн Panorama (өргөн хүрээнд харуулах, тойм, эргэн тойрны бараа гэсэн утгатай) нэвтрүүлгээр “Дракс” компанийн тухай нууц мэдээллийг ил болгожээ.
Тус компани Их Британийн хамгийн томоохон цахилгаан станцыг эзэмшдэг бөгөөд сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэдэг тул төрөөс их хэмжээний санхүүжилт авдаг байна. Гэтэл тэд цахилгаан станцдаа Канадаас авчирсан, хөгшин ойн модыг их хэмжээгээр шатаадаг болохыг ВВС-ийн сэтгүүлчид илрүүлжээ. Компанийн зүгээс “Бид хаягдал мод, үртэс ашигладаг. Мөн Канадын хөгшин ойн модыг л тайрсан. Ингэснээр ойн түймрийн эрсдэл буурна” гэсэн байна.
“Дракс” Их Британийн нийт сэргээгдэх эрчим хүчний 12 хувийг үйлдвэрлэдэг тул Засгийн газраас нийт 6 тэрбум фунт стерлингийн дэмжлэг авчээ.
BBC телевизийн баг Канадын ой дээгүүр дрон нисгэж, мод бэлтгэхээс өмнөх болох дараах байдлыг харьцуулан харуулжээ. Мөн хиймэл дагуулын дүрс ашиглаж, олон мянган жилийн настай ойг хэрхэн устгаж байгааг үзүүлсэн байна. Сэтгүүлчид Канадад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй, мод бэлтгэдэг компаниудыг судлан, тэдгээр компанийн ачааны машинуудыг 190 км замын турш дагаж явсаар Канадаас Их Британид хүргэдгийг олж мэджээ.
Нэвтрүүлгийг олон нийтэд цацсаны дараа ой модыг эрчим хүчинд ашиглаад үүнийгээ сэргээгдэх эрчим хүч тайлбарласныг олон хүн галзуурал хэмээн нэрлэжээ. Ялангуяа хүрээлэн буй орчны мэргэжилтнүүд маш их шүүмжлэл өрнүүлж, мод түлэх нь нүүрснээс ч нүүрсхүчлийн хий ялгаруулдаг гэсэн байна.
Хөгшин модыг тайрч, эрчим хүчний эх үүсвэрт ашиглаад дахин мод суулгасан бол сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэсэнд тооцдог аж. Хэдийгээр мод нүүрсхүчлийн хийг өөртөө шингээдэг ч залуу мод ургах хүртэл олон жил шаардлагатай. “Дракс” компанийн удирдлагууд мод бэлтгэх тусгай зөвшөөрлөө өөр компанид шилжүүлсэн гэсэн ч Канадын Бритиш Колумб мужийн холбогдох мэргэжилтнүүд тус компани одоо ч тусгай зөвшөөрлөө эзэмшдэг гэжээ.
Канадын ойн мэдээллийг судлахад “Дракс” компанийн тайрсан нийт модны 11 хувь нь чанар муутай байжээ.
Эх сурвалж: BBC
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна