2024/11/23

Украинд өгсөн Оросын агаарын цохилт “дайны гэмт хэрэг” байж болзошгүйг НҮБ анхааруулав

info@inder.mn
2022/10/12

Даваа гарагт Оросоос Украинд өгсөн агаарын цохилт анхнаасаа энгийн иргэдийг устгах төлөвлөгөөтэй байсан бол “дайны гэмт хэрэг” гэж үзэхээ НҮБ өчигдөр мэдэгджээ.

Тухайн өдөр Украины олон хот руу нийтдээ 80 гаруй пуужин харвасан нь Крымийн гүүрийг гэмтээсэн халдлагын хариу арга хэмжээ байв.

“Цохилтыг зориудаар энгийн иргэд рүү, цэргийн бус, иргэний байгууламжууд руу чиглүүлсэн бол үүнийг дайны гэмт хэрэг гэж үзнэ” гэж НҮБ-ын хүний эрхийн байгууллагын хэвлэлийн төлөөлөгч Равина Шамдасани өчигдөр Женев хотод сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгджээ.

Даваа гарагийн цохилтын улмаас 19 хүн алагдаж, 105 хүн шархадсан гэх урьдчилсан мэдээллийг Украины онцгой байдлын алба өчигдөр өгсөн юм.

“Цохилтын байрлал болон хугацааг хүмүүс ажилдаа, хүүхдүүд хичээлдээ явах цагтай давхцуулсан нь биднийг цочирдууллаа. Зарим цохилт иргэний зориулалттай дэд бүтцийг онилсон мэт харагдаж байгаад бид маш их санаа зовж байна. Нийт найман бүс нутагт иргэний олон байгууламж, түүний дотор олон арван орон сууцны барилга, 12 эрчим хүчний байгууламж эвдэрч, сүйдсэн нь энэ цохилт олон улсын хүмүүнлэгийн хуулийн дагуу байлдааны ажиллагаа явуулах зарчмуудыг зөрчсөн байж болзошгүйг харуулж байна” гэж Шамдасани хэлжээ.

Тэрбээр цааш нь хэлэхдээ “Цаашид нөхцөл байдлыг хурцатгахгүй байх, энгийн иргэдийг хохироох, иргэний дэд бүтцэд хохирол учруулахгүйн тулд боломжит бүх арга хэмжээг авахыг бид ОХУ-д уриалж байна” гэж анхааруулсан юм.

Украин дахь НҮБ-ын Хүний Эрхийн Хяналтын төлөөлөгчид Оросын агаарын цохилтын улмаас иргэд, иргэний байгууламжид учирсан хохирлыг баримтжуулахаар ажиллаж байгааг тэр энэ үеэр мэдээлжээ.

 

Эх сурвалж: AFP

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна