2024/11/23

Хятадын Коммунист Намыг эсэргүүцсэн ховор үйлдэл Бээжин хотод ажиглагджээ

info@inder.mn
2022/10/14

Ирэх Ням гарагт Хятадын Коммунист Намын 20 дугаар их хурал Бээжин хотод эхлэх гэж байна. Энэ их хурлаар тус улсын төрийн тэргүүн Ши Жиньпиний гурав дахь бүрэн эрхийн хугацааг баталгаажуулах юм.

Хэрвээ ингэвэл тэрбээр орчин үеийн Хятадын түүхэнд Мао Зэдунтэй эн зэрэгцэх статустай удирдагч болно.

Тэгвэл энэхүү чухал арга хэмжээний өмнө Бээжин хотод коммунист намыг эсэргүүцсэн ховор үйлдэл ажиглагдсан тухай эх сурвалжууд мэдээлжээ.

Тухайлбал өчигдөр Бээжин хотын Хайдиан дүүргийн нутаг дэвсгэрт оршдог Ситон гүүрэн дээр эсэргүүцэл илэрхийлсэн агуулгатай хоёр янзын уриа бүхий лоозон өлгөсөн байгааг сошиал сүлжээнд тарсан гэрэл зураг, дүрс бичлэгүүд харуулсан байна.

Нэг лоозонг орчуулбал “Бид PCR шинжилгээг биш, хоол хүнс хүсэж байна. Бидэнд хөл хорио биш, эрх чөлөө хэрэгтэй. Бидэнд худал яриа биш, хүндлэл хэрэгтэй. Бидэнд соёлын хувьсгал биш, шинэчлэлт хэрэгтэй. Бидэнд удирдагч биш, санал хэрэгтэй. Бид боол биш, иргэн баймаар байна” гэсэн агуулгатай байжээ.

Гүүрний дээр ямар нэг зүйлээс хар утаа олгойдож байгааг гэрэл зураг бас харуулсан байна.

Хоёр дахь лоозонд Ши Жиньпинийг зайлуулахыг шаардаж, хичээл хаяхыг уриалсан байсныг гэрчүүд мэдээлжээ.

Хятад улсад, ялангуяа ийм чухал үйл явдлын үеэр иргэд эсэргүүцэл илэрхийлэх үзэгдэл маш ховор ажиглагддаг. Хэрвээ дээрх үйлдлийг санаачилсан хүн хууль хүчнийхэнд баригдвал нэлээд хатуу шийтгүүлэх нь гарцаагүй.

Хятадын цагдаагийн алба намынхаа их хурлыг угтан “100 өдрийн ажиллагаа” явуулсан нь эрх мэдэл шилжих үйл явцад саад учруулах ямар нэг үймээн самуун гарах, тогтворгүй байдал үүсэхээс сэргийлсэн арга хэмжээ байв.

Лоозонгийн агуулгаас харвал Хятадын эрх баригчдын цар тахалтай тэмцэх "тэг ковид" стратеги тус улсын нийгмийг нэлээд бухимдуулж буй нь тодорхой байна. Намын их хуралтай давхцуулан зарим томоохон хотуудад хөл хорио тогтоож магадгүй гэсэн яриа тарсан нь иргэдийн санааг зовоож байгаа юм.

 

Эх сурвалж: The Guardian

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна