2024/11/23

Оросын арми HIMARS-ийн цохилтыг яагаад зогсоож чадахгүй байгаа талаар талууд өөр өөрөөр тайлбарлажээ

info@inder.mn
2022/10/17

АНУ-д үйлдвэрлэсэн HIMARS (High Mobility Artillery System) артиллерын пуужингийн систем Украины дайнд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байгаа тухай олон эх сурвалж мэдээлж байна.

GPS жолоодлоготой пуужингаар алсын зайнаас маш оновчтой цохилт өгдөг энэ зэвсгээр Украины арми Оросын цэргийн чухал объектуудыг түүвэрлэн устгаж буй гэсэн мэдээлэл бий.

Тэгвэл Оросын тал уг зэвсгийг яагаад устгаж чадахгүй байгаа талаар мэргэжилтнүүд янз бүрээр тайлбарлажээ.

Өмнө нь ОХУ-ын батлан хамгаалах яам хэд хэдэн HIMARS-ийг устгаснаа мэдэгдэж байсан ч үүнийг нь Пентагон няцааж байв. Одоогоор Украины тал фронтын шугам дээр 16 ширхэг HIMARS-ийг идэвхтэй ашиглаж байгаа ба сүүлд АНУ тусламжийн багцдаа 18-ыг, дараа нь 4-ийг нэмж өгөхөөр болсон.

Есдүгээр сард Оросын батлан хамгаалахын сэдвээр бичдэг Avia.pro сайтад HIMARS-ийн нууц технологи түүнийг устгахад хүндрэл учруулж буй талаар тайлбарлажээ.

Онол ёсоор бол Оросын их бууны радарын систем пуужингийн нислэгийн замыг тогтоосноор HIMARS-ийн байрлалыг олж, сөрөг цохилт өгөх ёстой.

Гэтэл HIMARS-ийн харвасан пуужин бусад пуужингууд шиг баллистик (парабол) траекторын дагуу нисдэггүй нь байрлал тогтоох боломжгүй болгож байгаа тухай Avia.pro сайтын нийтлэлд бичжээ.

Түүний хийсэн дүгнэлтээр харвасан пуужин хурдтай чиглэлээ өөрчилж, дайсны радарын системийг төөрөгдүүлэх арга хэрэглэдэг гэнэ.

“Үүнийг пуужингийн нислэгийн замаас харж болно. Энэ нь радарын тогтоосон координатыг хэдэн зуун метрээр өөрчилж, үнэн зөв цохилт өгөх боломжгүй болгож байна. Украины армийн үзүүлсэн дүрс бичлэгээс пуужин хөөрмөгцөө даруй чиглэлээ сольж байгаа нь тодорхой харагдаж байна” гэж дээрх нийтлэлд бичсэн байна.

Энэ талаар HIMARS-ийг үйлдвэрлэгч Lockheed Martin компаниас тодруулахад “пуужингууд байндаа хүрэхдээ баллистик траектор ашигладаг” гэсэн товч тайлбар өгчээ.

Харин өрнөдийн зарим мэргэжилтнүүд энэ нь Оросын зэвсгийн чадвартай холбоотой гэж тайлбарлаж байна.

Тухайлбал Их Британийн Royal United Services Institute судалгааны хүрээлэнгийн судлаач Самуэл Крэнни-Эванс үүнийг Оросын радарын системийн ажиллагааны хамрах хүрээ, хүчин чадалтай холбон тайлбарлажээ.

Жишээ нь Оросын Зоопарк-1 их бууны радарын систем 15-20 км-ийн зайнаас харвасан пуужингийн байрлалыг тогтоож чаддаг бол HIMARS нь 80 км-ийн алсаас пуужин харвадаг гэнэ.

“Радар нь пуужингийн хөөрсөн цэгээс эхлэн нислэгийн чиглэлийг нь тодорхойлсны үндсэн дээр анх харвасан цэгийн байрлалыг тооцоолдог. Хэрвээ эхлэх цэгийг нь бүртгэж чадаагүй бол байг тодорхойлох боломжгүй юм” гэж Эванс тайлбарлажээ.

Үүнээс гадна HIMARS нь ачааны автомашин дээр суурилагддаг, хөдөлгөөнтэй систем тул пуужин харвасныхаа дараа хэдхэн минутын дотор байрлалаа сольдог. Оросын радар богино хугацаанд пуужин харвасан анхны цэгийг тогтоож чаддаггүй бол сөрөг цохилт өгөх боломжгүй гэж тэр дүгнэсэн байна.

“Оросын талын бай онилох үйл явц маш удаан болох нь мэдэгдэж байгаа. Энэ тохиолдолд хөдөлгөөнт эсвэл байрлал нь байнга өөрчлөгдөж буй объектын байрлалыг тооцоолох боломжгүй юм” гэж Эванс ярьжээ.

 

Эх сурвалж: Business Insider



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна