2024/11/23

Өмнөд Солонгос блокчэйн технологид суурилсан дижитал иргэний үнэмлэх нэвтрүүлэхээр төлөвлөжээ

info@inder.mn
2022/10/17

Өмнөд Солонгосын засгийн газар эдийн засгийнхаа өсөлтийг дэмжих зорилгоор блокчэйн технологиор баталгаажсан дижитал иргэний үнэмлэх нэвтрүүлэхээр төлөвлөжээ.

Хүмүүс зайнаас ажил хөдөлмөр эрхэлж, төлбөр тооцоог бэлэн бусаар гүйцэтгэж, метаверс орчинд үйл ажиллагаа явуулах болсон зэрэг нь ухаалаг гар утсанд суусан дижитал үнэмлэхийн ач холбогдлыг улам нэмэгдүүлж байна.

“Дижитал үнэмлэх нь санхүү, эрүүл мэнд, татвар, зам тээврийн болон бусад салбарт эдийн засгийн өндөр үр өгөөж өгч, Солонгосын хүн амын дунд амархан нэвтрэх боломжтой юм” гэж Солонгосын Шинжлэх Ухаан, Технологийн Бодлогын хүрээлэнгийн эдийн засагч Хван Сог Вон ярьжээ.

“Гэхдээ болзошгүй аюулыг нь ач холбогдлоос бага байлгахын тулд технологийн эрсдэлийг сайтар үнэлэх ёстой” гэж тэр хэлсэн байна.

Дэлхийн Банк дижитал үнэмлэхийг “тоглоомын дүрмийг өөрчлөх” шийдэл гэж нэрлэж байв.

McKinsey & Co зөвлөх үйлчилгээний компани үүнийг улс үндэстний дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг 13 хүртэл хувиар өсгөж, бизнесийн зардлыг олон их наядаар хэмнэх боломжтойг онцолж байжээ.

“Үлдэж хоцорсон бүх бизнес, үйлчилгээ онлайн горимд шилжих боломж нээгдэх юм” гэж төслийг ахалж буй Солонгосын дижитал засаглалын хорооны ерөнхий захирал Су Бо Рам ярьж байна.

Түүний хэлснээр ирэх арван жилийн хугацаанд Өмнөд Солонгос улс дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 3 хувьтай тэнцэх буюу 60 их наяд воны  ($42 тэрбум) үр ашгийг дижитал үнэмлэх нэвтрүүлснээр хүртэх ажээ.

Вашингтонд төвтэй Portulans Institute хүрээлэнгийн хийсэн судалгаагаар тус улсын иргэд өдөр тутмын амьдралдаа технологийн ололтыг ашиглах чадамжаар дэлхийд нэгдүгээрт эрэмбэлэгддэг. Дижитал үнэмлэх нэвтрүүлэхэд энэ үзүүлэлт чухал нэмэртэйг Су Бо Рам онцолж байна.

Одоогоор Өмнөд Солонгосын иргэд карт хэлбэрийн иргэний үнэмлэхтэй байдаг. Шинэ төлөвлөгөөний дагуу ийм карт ашиглагдахаа больж, бүгд гар утсанд шилжих юм.

Өмнөд Солонгосын засгийн газар дижитал үнэмлэхийг 2024 оноос эхлэн нэвтрүүлж, хоёр жилийн дотор 45 сая иргэнээ хамруулахаар төлөвлөжээ.

Ингэхдээ төрийн хараа хяналтыг хязгаарлаж, иргэдийн хувийн нууцыг хадгалахын тулд төвлөрсөн бус систем буюу блокчэйн технологийг ашиглах ажээ.

 

Эх сурвалж: Bloomberg

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна