2024/11/23

Орос найман өдрийн дотор Украины цахилгаан станцуудын 30 хувийг сүйтгэжээ

info@inder.mn
2022/10/19

Өнгөрсөн долоо хоногийн Даваа гарагаас хойш Украины нийт цахилгаан станцуудын гуравны нэг орчим Оросын агаарын цохилтод сүйрсэн тухай тус улсын ерөнхийлөгч Володимир Зеленський өчигдөр мэдээлжээ.

“Аравдугаар сарын 10-ны өдрөөс хойш Украины цахилгаан станцуудын 30 хувь сүйтгэгдсэний улмаас орон даяар эрчим хүчний тасалдал үүсээд байна” гэж тэр сошиал хуудсандаа бичсэн байна.

Иргэний дэд бүтцэд халдан довтолсон нь “Путиний дэглэмтэй яриа хэлэлцээ хийх боломжгүй болгож буй”-г Зеленский бас бичжээ.

Оросын пуужингийн довтолгоо ихэнхдээ оновчгүй болж байгаа ч эрчим хүчний байгууламжуудыг устгасан тохиолдолд хор уршиг нь үлэмж нэмэгдэж байна.

“Манай бүс нутгууд эрчим хүчний хувьд нэг нэгнээсээ хамааралтай байдаг тул орон даяар нөхцөл байдал ноцтой хэмжээнд хүрээд байна. Улс орон бүхэлдээ эрчим хүч, ус, халаалтын тасалдалд бэлдэх шаардлагатай” гэж ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга Кирило Тимошенко өчигдөр телевизээр ард иргэдэд хандан мэдэгджээ.

НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбэрг тус байгууллага Украины агаарын довтолгооноос хамгаалах системийг бэхжүүлж, нөхцөл байдлыг тогтворжуулахаар шуурхай ажиллаж байгааг өчигдөр мэдэгдсэн байна.

“Иранаас нийлүүлсэн болон бусад дроны халдлагаас хамгаалах зорилгоор ойрын өдрүүдэд НАТО дрон эсэргүүцэх системүүдийг нийлүүлэх болно” гэж тэр хэлжээ.

Сүүлийн өдрүүдэд Оросын арми пуужин болон Иранаас нийлүүлсэн Шахед-136 дроноор Украины хотууд руу довтолж байгаа.

Ираны дроны нэрийг Оросын тал Геран-2 хэмээн өөрчилсөн байна.

Оросын пуужингийн нөөц багассанаас Украины эрчим хүчний дэд бүтцүүдийг устгаж, иргэдийг айдас цочролд оруулахын тулд хямд үнэтэй 2,400 орчим дрон Иранаас авч, орлуулан хэрэглэж буй гэсэн мэдээлэл бий.

Ираны тал дрон нийлүүлснээ няцааж байгаа. Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч хаанаас дрон авсныг мэдэхгүй байгаагаа илэрхийлсэн юм.

“Бид зөвхөн орос нэртэй орос зэвсэг хэрэглэж байгаа” гэж Дмитрий Песков саяхан энэ талаар сэтгүүлчийн асуултад хариулсан байна.

Иран улстай дипломат харилцаагаа таслах саналыг ерөнхийлөгч Зеленскийд танилцуулахаар төлөвлөснөө Украины гадаад хэргийн сайд Дмитро Кулеба өчигдөр мэдэгдсэн юм.

Дрон нийлүүлснийхээ төлбөрт Ираны эрх баригчид ОХУ-аас уран, цөмийн технологи зэрэг зүйл авч байж болзошгүйг Украины ерөнхийлөгчийн зөвлөх Михайло Подоляк анхааруулсан байна.

Өчигдөр бас Ираны тал Оросын засгийн газарт илүү олон дрон, газар-газар ангиллын пуужин нэмж нийлүүлэхээр болсон тухай Ройтерс агентлаг Тегераны албаны эх сурвалжаас уламжлан мэдээлжээ.

Киев хотод дроноор халдан довтолсны дараа Ираны дэглэмийн эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авах ёстой гэж Герман улс мэдэгдээд байна.

Их Британийн батлан хамгаалахын сайд Бэн Уоллос, гадаад хэргийн сайд Жэймс Клэвэрли нар өчигдөр Ираны асуудлыг хэлэлцэхээр Вашингтон руу ниссэн тухай албаны эх сурвалж мэдээлжээ. Энэ үеэр бас Украинд нийлүүлэх агаарын довтолгооноос хамгаалах системийн талаар хэлэлцэх юм байна.

 

Эх сурвалж: Reuters



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна