2024/11/23

АНУ, Украины Крымийн хойгт Иран улсын дроны мэргэжилтнүүд ажиллаж байгааг тогтоосноо мэдэгдэв

info@inder.mn
Өчигдөр 11 цаг 00 минут

ОХУ-ын өөртөө нэгтгэсэн Украины Крымийн хойгт Иран улсын дроны мэргэжилтнүүд ажиллаж байгааг олж тогтоосноо АНУ-ын албаны эх сурвалж өчигдөр мэдээлжээ.

Өнгөрсөн Даваа гарагт Украины нийслэл Киев хот “камиказе” буюу өөрийгөө золиослогч дронуудын халдлагад өртсөн юм.

“Харьцангуй цөөн тоотой Ираны цэргийн мэргэжилтнүүд дроны үйл ажиллагааг Оросын талд зааж сургахаар Крымд ирээд байгаа гэсэн мэдээллийг бид авсан” гэж Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби өчигдөр сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

Тэрбээр “Тегеран одоо Украины иргэд, иргэний дэд бүтцийн байгууламжуудад цохилт өгөх зэвсгээрээ дамжуулан мөргөлдөөнд шууд оролцогч боллоо” гэж нэмж хэлжээ.

АНУ-ын засаг захиргаа Украины ард иргэдийн эсрэг хэрэглэж буй зэвсэгтэй холбоотой Ираны эрх баригчдын үйл ажиллагааг илчилж, таслан зогсоохын төлөө бүх арга хэрэгслийг ашиглахыг Кирбин энэ үеэр анхааруулсан юм.

Даваа гарагт Киевт цохилт өгсөн зэвсэг нь Ираны Шахед-136 загварын дрон болохыг Украины тал тогтоосон юм.

Оросууд Иранд үйлдвэрлэгдсэн уг дроны нэрийг “Герань-2” болгон өөрчилснийг бас тогтоогоод байгаа.

Украины дайнд ашиглах зэвсгийг ОХУ-д нийлүүлсэн шалтгаанаар Европын Холбоо, Их Британи, АНУ шинэ хориг арга хэмжээг Тегераны дэглэмийн эсрэг зарлаад байна. Хоригт Ираны зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Мохаммад Хоссейн Багери болон дрон үйлдвэрлэгч Shahed Aviation Industries компани зэрэг хувь хүн, байгууллагууд багтжээ.

 

Эх сурвалж: BBC



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна