Тэрбумтан Илон Маскийн SpaceX компанийн Starlink-ийн хиймэл дагуулын интернэт үйлчилгээ Оросын эзлэн түрэмгийлэгчидтэй тулалдахад нь Украинд чухал нэмэр болж байгаа гэдэг. Бас Өрнөдийн хиймэл дагуулаас авсан зургуудыг Украины зэвсэгт хүчин байлдааны ажиллагаандаа ашиглаж буй гэсэн мэдээлэл бий.
Тэгвэл ийм системийг устгах тухай Оросын албаны болон хэвлэл мэдээллийн эх сурвалж ярьж эхэлжээ.
Лхагва гарагт ОХУ-ын гадаад хэргийн яамны төлөөлөгч Константин Воронцов хэлэхдээ Өрнөдийн орнуудын хиймэл дагуулууд Украинд тусалж байгаа нь “өдөөн хатгасан үйлдэл” тул Оросын зэвсэгт хүчний хууль ёсны бай болох боломжтойг анхааруулсан байна.
“Бид иргэний зориулалттай сансрын дэд бүтцүүдийг, тэр дундаа арилжааны байгууллагын системүүдийг зэвсэгт мөргөлдөөнд татан оролцуулж буй АНУ тэргүүтэй холбоотнуудын үйлдлийн талаар ярьж байна” гэж Воронцов энэ үеэр тайлбарлажээ.
Гэхдээ тэр аль нэг компанийн нэрийг онцолж дурдаагүй байна.
Энэ мэдэгдлийн дараа Цагаан ордноос гаргасан мэдэгдэлд хэрвээ Оросын тал арилжааны хиймэл дагуулуудад нь цохилт өгөхийг оролдвол зохих ёсны хариу арга хэмжээг авахаа илэрхийлсэн байна.
“АНУ-ын дэд бүтцэд халдах аливаа оролдлогод зохих ёсны хариуг зохих арга замаар өгөх болно” гэж Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби сэтгүүлчидтэй уулзахдаа хэлжээ.
Хиймэл дагуулыг дайнд ашиглахыг Воронцов “өдөөн хатгалга” гэж нэрлэсэн талаар Кирби хариулахдаа “яг одоо Оросын Украинд явуулж буй дайн л цорын ганц өдөөн хатгалга болоод байна” гэсэн юм.
Тэгвэл хэд хоногийн өмнө бас Оросын алдартай телевизийн хөтлөгч Starlink-ийн хиймэл дагуулуудыг цөмийн зэвсгээр устгах санааг шоу нэвтрүүлгийнхээ үеэр илэрхийлжээ.
Кремлийн суртал нэвтрүүлэгч гэгддэг Владимир Соловьевыг ийм санаа дэвшүүлэхэд шоунд оролцогч Москвагийн Их сургуулийн улс төрийн ухааны профессор Андрей Анатолевич Сидоров хэрвээ ингэвэл дэлхийг хамарсан цөмийн дайн болж, хүн төрөлхтөн сүйрэхийг түүнд анхааруулсан байна.
Сансарт байрлаж байгаа гадаад орны өмчид халдах нь дайн өдөөснөөс ялгаагүй үйлдэл болохыг тэр энэ үеэр тайлбарлажээ.
Энэ сарын дундуур Илон Маск цаашид хиймэл дагуулын үйлчилгээгээ Украинд үнэ төлбөргүй үзүүлэх боломжгүйг твиттер хуудсандаа бичиж байв. Гэхдээ дараа нь тэр үйлчилгээгээ үргэлжлүүлэн үзүүлэхээр болсныг мэдэгдсэн юм. Зарим эх сурвалжийн мэдээлснээр тэр Украинд үзүүлж буй хиймэл дагуулын үйлчилгээнийхээ зардлыг Пентагонтой хуваалцахаар тохиролцсон юм байна.
Эх сурвалж: Reuters
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна