2024/12/06

Улаангом-Ховд, Улиастай-Алтай чиглэлийн авто замын барилгын ажил 2024 оны хавар эхэлнэ

info@inder.mn
2023/11/17

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өчигдөр Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Шэннон Коулинтэй уулзаж, Улаангом-Ховд, Улиастай-Алтай чиглэлийн авто зам төслийг ирэх онд хэрэгжүүлэхээр тохиролцлоо.

Эргэн сануулахад, талууд өнгөрсөн аравдугаар сард уулзаж, тус уулзалтын үр дүнд харилцан тохиролцсон авто замын төсөл, хөтөлбөрийн ажлын явцыг эрчимжүүлэх, авто замын коридоруудаа өргөжүүлэх зэрэг асуудалд нэгдсэн ойлголтод хүрсэн юм.

Сайд С.Бямбацогт уулзалтын эхэнд Азийн хөгжлийн банкнаас манай улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн үр өгөөжийг онцлоод, төслийн хүрээнд баруун бүсэд барьсан авто замууд нь Монгол Улсын нүүр царай болсон төдийгүй манай ард иргэдийн талархлыг хүлээсэн, чанартай зам болсон гэдгийг тэмдэглэв.

Уулзалтын үр дүнд Ховд-Улаангом чиглэлийн 163.3 км авто зам, Улиастай-Алтай чиглэлийн 198 км авто замын эхлэл 100 км авто замын ажлыг шуурхайлж, 2024 оны хавар барилгын ажлыг эхлүүлнэ.

Энэ чиглэлийн авто замыг барихдаа Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замд гарсан алдаа дутагдлыг давтахгүй байж, зөвлөх үйлчилгээ үзүүлэх компанийг сонгох асуудалд онцгой анхаарна гэлээ.

Түүнээс гадна баруун бүсийн босоо АН-4 чиглэлийн 745 км авто замын бүтээн байгуулалт 10 гаруй жилийн хугацаанд хийгдэж дууссан. Замын засвар, арчлалтыг орхигдуулахгүй, тогтмол хугацаанд хийх хэрэгтэй. Авто замын засвар арчлалт хариуцдаг компани нь асфальтбетон үйлдвэртэй байх шаардлагатай.

Барьсан замаа чанартай, урт настай байлгахын тулд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг ойрын хугацаанд худалдан авахаар боллоо гэж ЗТХЯ-наас мэдээллээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна