2024/12/30

Европын холбоо Унгар улсын 10 тэрбум еврогийн санхүүжилтийн эрхийг нээв

info@inder.mn
2023/12/15

Европын холбооны удирдагчид энэ оны сүүлийн дээд түвшний уулзалтаа Брюссельд хийж байна.

Энэ чуулга уулзалтаар гол хэлцэгдэх Украинд 50 сая еврогийн санхүүгийн тусламж үзүүлэх, мөн энэ улсыг Европын холбоонд гишүүнчлэх асуудлаарх яриа хэлэлцээг эхлүүлэх хоёр асуудал дээр хоёуланд нь Унгар улс хаалт тавьж байгааг хэвлэлүүд онцлон мэдээлж байна.

Европын холбооны төсвийн цоорхойг хэрхэн нөхөх асуудал энэ удаагийн дээд түвшний уулзалтын бас нэг том сэдэв байх мэдээтэй байна.

Украины хүчнийхэн Оросын түрэмгийллийн эсрэг эрчимтэй довтолгоо явуулж хүчрэхгүй байгаа дээрээс, Киевт 60 сая ам.долларын тусламжийн багц нийлүүлэх Вашингтоны хүчин чармайлт Конгресс дээр гацсан зэргээр Украины хувьд байдал ихээхэн эгзэгтэй болсон энэ үед болж байгаа гэдгээрээ Европын холбооны энэ дээд уулзалт анхаарал татаж байна.

Европын холбооны удирдагчид Украины гишүүнчлэлийг хэлэлцэх яриа хэлэлцээг эхлүүлж, бас дөрвөн жилийн хугацаатай санхүүгийн багц олгохоор шийдвэрлэх нөхцөлд энэ нь Украины хувьд геополитикийн ялалт болно гэж ажиглагч шинжээчид тэмдэглэж байна.

Европын холбооны гишүүн 27 улсын тухайд, Унгарын Ерөнхий сайд Виктор Орбанаас бусад нь Киевтэй гишүүнчлэлийн асуудлаарх яриа хэлэлцээг эхлүүлэхийг дэмжсэн байр суурьтай байгаа.

Унгарын Ерөнхий сайд харин Украиныг Европын холбоонд элсэх шалгуурыг бүрэн хангаагүй гэж үзэн гишүүнчлэх болон тусламж үзүүлэх аль алиныг дэмжихгүй гэдгээ удаа дараа мэдэгдэж буй юм байна.

Улмаар Европын холбоо Унгарын хатуу байр суурийг зөөллөх үүднээс тус улсын шүүхийн бие даасан байдлыг эргэлзээтэй хэмээн үзэж түтгэлзүүлээд байсан 10 тэрбум еврогийн санхүүжилтийг нь нээхээр шийдвэрлэсэн байна.

Европын холбооны удирдагчид өөрийнх нь улстай холбоотой дээрх асуудлуудаар нэгдсэн шийдэлд хүрч чадахгүй бол Украины ард түмэн “Асар хүнд үр дагавартай” тулгарахыг Украины ГХ-ны сайд Дмитро Кулеба өмнө нь мэдэгдэж байсан.

Киевт олгосон Европын холбооны одоогийн санхүүжилт он дуусахтай зэрэгцэн дуусахаар байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна