2024/11/23

Барилга, хот байгуулалтын сайд Швед улсад ажлын айлчлал хийж байна

info@inder.mn
2024/03/13

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн Швед Улсын Дэд бүтэц, орон нутгийн хөгжлийн сайд Андреас Карлссонтой 2024 оны гуравдугаар сарын 12-ны өдөр уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр сайд Ц.Даваасүрэн Монгол Улсын Хархорум хотын хөгжлийн төлөвлөгөөг боловсруулах Олон Улсын нээлттэй тендерт Шведийн Төр, хувийн хэвшлийн түншлэлийг оролцуулах, хот төлөвлөлт, гэр хорооллын дахин төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээ, судалгааны чиглэлээр SwedFund-тай хамтран ажиллах талаар Швед Улсын Дэд бүтэц, орон нутгийн хөгжлийн сайд Андреас Карлссонтай ярилцаж, санал солилцов.

Монгол Улс, Швед Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд бизнесийн харилцааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх үндэс суурь тавигдсан гэж үзэж байгаагаа Шведийн Дэд бүтэц, орон нутгийн хөгжлийн сайд А.Карлссон цохон тэмдэглээд хамтын ажиллагааг ухаалаг, ногоон, тогтвортой хот төлөвлөлт, дахин төлөвлөлтийн чиглэлээр идэвхжүүлэх нөөц бололцоо байгааг онцлов.

Барилга, хот байгуулалтын сайд Швед Улсад хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд мөн Ногоон барилга, Эрчим хүчний хэмнэлттэй барилга, Хэсэгчилсэн халаалтын технологийн чиглэлээр Шведийн мэргэшсэн томоохон компаниудын төлөөлөлтэй Стокхолм хотноо дугуй ширээний уулзалт хийв.

Тус уулзалтад "Бизнес Швед байгууллага", "Шведийн эрчим хүчний агентлаг", "SwedFund" болон хүйтэн сэрүүн уур амьсгалтай орнуудад хэсэгчилсэн халаалт, ногоон, ухаалаг, эрчим хүчний хэмнэлттэй барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж мэргэшсэн "Sweco, Siemens Energy", "AlfaLaval", "Carbo seal", "VI Flow Group", "Arne Jensen" компанийн удирдах болон ахлах албан тушаалтнууд оролцлоо.

Талууд дулааны хоолойн засвар үйлчилгээг газар ухахгүйгээр гүйцэтгэх нягтаршуулсан полимерэн өнгөлгөөний Шведийн дэвшилтэт технологи, түлш ашиглан өндөр үр ашигтай цахилгаан болон дулааны эрчим хүч үйлдвэрлэх технологи"-ийг Монголд нэвтрүүлэх өргөн боломжтой талаар хэлэлцэж, санал солилцов. Мөн компанийн төлөөллүүд Шведийн туршлага, дэвшилтэт технологи, судалгааны төсөл, зөвлөх үйлчилгээ зэрэг чиглэлээр хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв.

Барилга, хот байгуулалтын сайд Монгол Улсын барилгын салбарын нөхцөл байдал, сорилт, бэрхшээл, Засгийн газраас баримталж буй бодлогын талаар оролцогч компаниудад мэдээлэл хийж, цаг уурын ойролцоо нөхцөлтэй Швед Улсын ногоон, ухаалаг, эрчим хүчний хэмнэлттэй барилгын технологи, зөвлөх үйлчилгээ, судалгааны чиглэлээр Монгол Улсын барилгын салбарт хамтран ажиллахыг хүслээ гэж БХБЯ-наас мэдээллээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна