Гадаад харилцааны яам, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх Стратеги судалдааны хүрээлэн хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 9 дэх удаагийн бага хурал өнөөдрөөс эхэллээ.
Хоёр өдөр үргэлжлэх энэ удаагийн бага хуралд Зүүн хойд Азийн орнуудаас гадна Канад, Эстони, Финланд, Франц, Латви, Швейцар, Швед, АНУ, ИБУИНХУ зэрэг 30 гаруй улс, олон улсын байгууллага, дотоод, гадаадын эрдэмтэн, судлаачид зэрэг 200 гаруй төлөөлөгч оролцож байна.
Монгол Улс 1980-аад оноос Зүүн хойд Азийн яриа хэлэлцээний механизмыг бий болгохыг тууштай зорьж ирсэн ба 2013 онд Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг дэвшүүлж, олон улсын бага хурлыг 2014 оноос амжилттай зохион байгуулж байна. Манай улсын энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогын үндсэн зарчимд нийцсэн энэхүү арга хэмжээг өнгөрсөн хугацаанд тогтмол зохион байгуулснаар бүс нутгийн аюулгүй байдлын асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх, итгэлцлийг бэхжүүлэх яриа хэлэлцээний чухал индэр болсон.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг бага хурлыг нээж хэлсэн үгэндээ манай бүс нутагт тулгарч буй аюулгүй байдлын ээдрээтэй сорилтуудыг шийдвэрлэхэд яриа хэлэлцээ, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол чухал болохыг онцлон тэмдэглээд бага хурлын төлөөлөгчдөд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, санал бодлоо чөлөөтэй хуваалцахыг хүсэв.
Энэ удаагийн бага хурлыг “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын сорилт, боломж”, “Зүүн хойд Ази дахь олон талт хамтын ажиллагаа”, “Зүүн хойд Ази дахь уур амьсгалын өөрчлөлт, аюулгүй байдлын сорилтууд”, “Зүүн хойд Ази дахь эрчим хүчний аюулгүй, хямд шилжилт”, “Эрчим хүчний шилжилтэд нэн шаардлагатай ашигт малтмалын тогтвортой, уян хатан сүлжээг хөгжүүлэх нь” гэсэн таван салбар хуралдааны хүрээнд зохион байгуулна гэж Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
Нийтэлсэн: Гадаад харилцааны яам
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна