2024/11/29

ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана

info@inder.mn
6 цаг 9 минутын өмнө

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах, Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуулийн захирал, дэд профессор, доктор Нгуен Лан Хиеу нар хамтын ажиллагааны гэрээ байгуулж, санамж бичигт гарын үсэг зурлаа.

 
Тус үйл ажиллагаанд Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Сэрээжав, Элчин сайдын яамны гуравдугаар нарийн бичгийн дарга Т.Жавзандулам, ГССҮТ-ийн Дүрс оношилгооны тасгийн эрхлэгч Г.Лхагвасүрэн, Гар сарвууны мэс заслын тасгийн их эмч Б.Мандухай болон Ханой хотын Анагаах ухааны их сургуулийн холбогдох албаны төлөөллүүд оролцсон байна.
 
Хамтын ажиллагааны хүрээнд Гэмтэл согог судлалын үндэсний төв, Ханой хотын Анагаах ухааны их сургуулийн эмнэлэг хооронд эмнэлзүйн технологи, эрдэм шинжилгээний сургалт, судалгаа хийх, урт болон богино хугацааны сургалтад эмч мэргэжилтнүүдийг хамруулах, хамтарсан үзлэг оношилгоо, мэс засал эмчилгээ хийх зэрэг олон талт ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөжээ.
 
Энэ дагуу эхний ээлжинд ирэх 2025 онд ГССҮТ-ийн арван эмч мэргэжилтнийг Вьетнам улсад сургах, мөн тус төвийн Дүрс оношилгооны тасгийн цахим программыг шинэчлэх ажлыг эхлүүлэхээр болсон байна гэж Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс мэдээллээ. 
 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна