Монголын улс төрийн ууган хүчин Монгол Ардын Намын дэргэд эмэгтэйчүүдийн байгууллага үүсэж байгуулагдсаны 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна.
Анх 1994 оны 11 сарын 4-ний өдөр “Эмэгтэйчүүд -Хөгжил хөдөлгөөн” нэртэй байгууллага анхдугаар чуулганаа хийж, хөдөлгөөнийхөө дүрмийг баталж, дарга, тэргүүлэгчдээ сонгон ажлын чиглэлээ гаргаж байжээ.
"Эмэгтэйчүүд-хөгжил хөдөлгөөн” клуб нь улс төрийн намын дэргэдэх анхны эмэгтэйчүүдийн байгууллага болсон юм. Тэр цагаас хойш Монголын ардчилсан социалист эмэгтэйчүүдийн холбоо, Нийгмийн ардчилал монголын эмэгтэйчүүдийн холбоо, Социал демократ монголын эмэгтэйчүүдийн холбоо хэмээн МАН-ын үзэл баримтлал, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн нэр, үзэл баримтлалаа өөрчилж, хөгжин тэлсээр өнөөдөр 21 аймаг, 9 дүүрэг, 330 сум, 206 хороонд салбар, зөвлөлтэй, 125 мянган гишүүнийг эгнээндээ нэгтгэсэн Монгол улсын хамгийн том эмэгтэйчүүдийн байгууллагын нэг болжээ.
Холбооны анхны ерөнхийлөгчөөр Д.Алтай сонгогдон ажиллаж байсан бол түүнээс хойш Д.Оюунхорол, Ц.Цогзолмаа, Д.Сарангэрэл Х.Булгантуяа нар үе үеийн ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна. Мөн холбооны үе үеийн ЕНБД-аар Ч.Үржмаа, Ж.Болормаа, О.Байгалмаа, Д.Эрдэнэчимэг, Б.Халиун, Одгэрэл, А.Янжмаа, Ү.Оюунзул, А.Адилбиш, М.Мандхай, Б.Жавзандорж нар ажиллаж байна.
Эмэгтэйчүүд нэгдэж чадсанаараа Монгол эмэгтэйчүүдийн эрхийг хангах, хамгаалах, оролцоог нэмэгдүүлэх, шийдвэр гаргах түвшинд төлөөллийг нэмэгдүүлэхэд манлайлан ажиллаж ирсэн. Үүний үр дүнд 1992 оны анхны Монгол Улсын их хурал 3 эмэгтэй гишүүнтэй байсан бол 2024 оны шинэ УИХ-д 32 эмэгтэй сонгогдож, нийт гишүүний 25 хувийг бүрдүүлсэн нь Ази тивдээ парламент дахь эмэгтэй гишүүдийн төлөөллөөр тэргүүлэх үзүүлэлт болоод байна.
Социал демократ монголын эмэгтэйчүүдийн холбоо дараагийн 30 жилийнхээ түүхийн хуудсыг эргүүлж буй мөчид Алсын хараа 2050, Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж бодлогын хүрээнд стратеги, төлөвлөгөө боловсруулж гишүүдээрээ хэлэлцүүлж хэрэгжүүлэхэд бэлэн болоод байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна