Өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар давхардсан тоогоор Монголд 2.2 сая хүн халамж авч байна. Энэ нь 3.6 сая гаруй хүн амтай улсын хувьд 58 хувь нь нийгмийн халамжинд ямар нэгэн байдлаар хамрагддаг гэсэн үг.
Атал хөдөлмөрийн зах зээлд 1.1 сая хүн л ажил хөдөлмөр эрхэлж байгаа гэсэн тоо бий. Гурван хүн тутмын нэг нь халамж авдаг гэсэн үг. Эдгээр тоон үзүүлэлт нь халамжийн бодлого, тогтолцоог өөрчлөх, зорилтот бүлэгт хүргэх хэрэгтэйг харуулж байгаа юм. Нэг үгээр, халамжийн бодлогын шалгуур шүүлтүүрээ чамбайруулах шаардлага тулгарчээ. Мөн хууль, журам зөрчиж халамж хүртсэн жишээ их байгааг ч анхаарах учиртай.
Аль ч улс орон зайлшгүй тусламж дэмжлэг шаардлагатай, амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой иргэддээ чиглэсэн халамжийн бодлого хэрэгжүүлдэг. Монгол Улсын хувьд Нийгмийн халамжийн тухай хууль 1995 онд батлагдаж, нийгмийн халамжийн бие даасан тогтолцоо бий болох эхлэлийг тавьсан. Үүнээс хойш уг хуулийг гурван удаа шинэчлэн найруулж, хоёр удаа нэмэлт өөрчлөлт оруулжээ. Өдгөө нийгмийн халамжийн чиглэлээр зургаан хууль хүчин төгөлдөр хэрэгжиж байна. Тодруулбал, Нийгмийн халамжийн тухай, Ахмад настны тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай, Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай, Эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулиуд. Эдгээр хууль, бусад шийдвэрийн хүрээнд 72 нэр төрлийн, нэгтгэвэл 11 багц үйлчилгээг иргэдэд хүргэдэг.
Гэхдээ халамжийн бодлого хэт өгөөмөр, хөдөлмөрлөх сэтгэлгээг үгүй хийх хэмжээнд хавтгайрсан, тусламж дэмжлэг хэрэгтэй хүндээ хүрэхгүй байна гэдэг шүүмжлэл их байгаа нь зүгээр яриад өнгөрөх асуудал биш болжээ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Хүнс тэжээлийн дэмжлэг олгох журмыг шинэчилснээр хүнсний талон авах шаардлагагүй 85 мянга орчим хүнийг энэ үйлчилгээнээс хасч, сард 405 сая жилдээ 4.8 тэрбум төгрөг хэмнэх боломж бүрдсэн байна. Тухайн үед “200-гаас дээш толгой малтай, орон сууцтай, автомашинтай иргэд хүнсний талон авч байсан” асуудал хөндөгдсөн ч хариуцлагын талаар яриагүй өнгөрсөн. Түүнчлэн хөдөлмөрийн чадвартай хэрнээ хуурамч бичиг баримт бүрдүүлж группын мөнгө авдаг үйлдлийг ч цэгцлэх шаардлагатай юм. Ер нь халамж нэрийдлээр өчнөөн төчнөөн хөрөнгө мөнгө урссаар өдийг хүрчээ гэхэд хатуудахгүй. Бүр нэг сумын иргэдийн 60 хувь нь хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмж авдаг талаар УИХ-ын чуулганы танхимд яригдсан билээ.
“Халамж болон хүн амаа өсгөх бодлогыг ялгаж салгах хэрэгтэй” гэж салбарын мэргэжилтнүүд хэлдэг. Тэр тусмаа Хүүхдийн мөнгийг халамж биш хүн амыг өсгөх бодлогын нэг хэсэг гэж үздэг. Гэхдээ энэ нь төсөвт дарамт учруулахын зэрэгцээ халамж хавтгайрах, хүүхдийн мөнгөөрөө амьдраад гар амар, хөл хөсөр сууж, ажил хийх сонирхолгүй хэсэг бүлгийг бий болгож байна гэдэг шүүмжлэл ч үнэний ортой.
Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэжээгчээ алдсан бага насны хүүхэд, бага орлоготой өрх, иргэдээ харж халамжлах нь төрийн үүрэг. Харин халамж хэт хавтгайрвал бид хөгжих, урагш алхах тухай яриад ч хэрэггүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна