2026/02/11

​Г.Занданшатар, салбарын сайд П.Наранбаяр нар багш нарын цалинг нэмсэн гэж хулхиджээ

info@inder.mn
4 цаг 14 минутын өмнө

Засгийн газар багш, эмч нарын цалинг нэмсэн гээд хулхидсан болж таарлаа. Өнгөрсөн оны 12 дугаар сард ажил хаялтыг зогсоож, багш нарын үндсэн цалинг 50, эмч нарын үндсэн цалинг 30 хувь нэмэх шийдвэрт хүрснээ Ерөнхий сайд Г.Занданшатар, салбарын сайд П.Наранбаяр нар удаа дараа мэдэгдсэн. Гэвч бодит байдал дээр багш нарын үндсэн цалинг 50 хувь нэмээд харин 10 гаруй төрлийн нэмэгдлийг нь хасчихжээ. Гүйцэтгэлийн, ур чадварын үнэлгээ, хоол унаа зэрэг нэмэгдлийг бүр бодохгүй орхисныг ч багш нар хэлж байна. Харин багш нарын анги даалт, төрийн албанд ажилласан хугацааны, тэргүүлэх зэргийн гэх мэт нэмэгдлүүдийг хуучин цалингаас нь бодож олгоно гэнэ. Үндсэн цалин нь 50 хувь нэмэгдчихээд байхад хуучин цалингаас нь нэмэгдэл тооцно гэдгийг ойлгох ухаан хүрдэггүй ээ. Ерөөс цалин нэмэх нэртэй хурган заль мэх гаргаснаар багш нар 2025 оны 12 дугаар сартай харьцуулахад 92,000-300,000 төгрөгөөр л цалин нь нэмэгдэж. Мөнөөх аманд ч үгүй хамарт ч үгүй гэдэг шиг. 

Дэд сайд Д.Гантулга нь ч “Нэмэгдлийг өмнөх шиг 50/50 хувиар олгох боломжгүй” гээд мэдэгдчихэж. Ингэснээр төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвөөс 10 хувь хасаж цалингийн нэмэгдэлд суулгасан 618.2 тэрбум төгрөг цаасан дээрх тоо л болж үлдэв. 
Цалин нэмэгдсэн нэртэй, 58 мянга гаруй багшийн гар дээр ирэх цалин амьдралд нэмэр болохуйц үр өгөөжгүй хэвээр байна гэсэн үг.
Тиймээс Монголын төр, Засгийн газар хэлсэндээ хүрэхийг багш нар шаардаж эхэллээ. Үндсэн цалинг 50 хувь нэмчихээд эргээд тэрийгээ хасах танах арга сүвэгчилж байгааг тэд эсэргүүцэж шүүмжилж байна. Эмч нар ч цалин нь нэмэгдсэнгүй гэдгийг ярьж эхэллээ. 
Ямар ч атугай Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо Засгийн газрын энэхүү үйлдэл, гаргасан шийдвэр Үндсэн хууль зөрчсөн эсэхийг шалгуулахаар Үндсэн хуулийн Цэцэд хандсан байна. Учир нь Засгийн газар нэмэгдлийг шинэчлэхдээ 2024 оны “Төрийн албаны зарим албан тушаалын цалингийн хэмжээ, доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 238 дугаар тогтоолыг хүчингүй болгоогүй. Харин 225 дугаар тогтоол гаргаж, нэмэгдэл хөлсийг 2024 оны тогтоолын дагуу тооцохоор шийдвэрлэжээ. 
Тэгэхээр энэхүү шилний цаанаас чихэр долоолгож байгаа мэт шийдвэрээ Засгийн газар эрхбиш эргэн харж, талууд зөвшилцөж тохирсноор цалинг нь нэмэх биз ээ. Эс бөгөөс дахиад л ажил хаялтын асуудал үүсэх нь тодорхой. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна