2026/02/13

Дахин төлөвлөлт ба оршин суугчийн эрх

info@inder.mn
10 цаг 37 минутын өмнө

Оршин суугчид нь бүгд нь зөвшөөрөөгүй, Захиргааны хэргийн шүүхэд хандчихсан байхад цахилгаан, дулааныг нь таслаад нураачихаж болж байгаа юм уу гэж “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн захирал З.Төмөртөмөөгөөс асууя.

Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Бага тойрогт байрлах, 1954 онд ашиглалтад орсон хуучны 26 дугаар байрыг нурааж 16 давхар орон сууц барих гэтэл нэг оршин суугч үлдчихээд нүүхгүй, тэрбум гаруй төгрөг нэхээд байгаа гэх мэдээлэл сошиалд цацагдсан. Хүмүүс ч шуналтайг нь гайхаж эгдүүцэн бараг “дүүжлэх” шахсан.

Гэтэл мөнөөх нэг тэрбум төгрөг нэхээд нүүхгүй байгаа гэх оршин суугч Г.Хүрэлсүх хэвлэлд хандаж, уг байрны дахин төлөвлөлт, компанийн шалгаруулалт, дарамт шахалтын талаар тайлбар өгсөн. Нэг ч биш дөрвөн айл нүүгээгүй, дахин төлөвлөлтийг гүйцэтгэхээр шалгарсан компани нь санхүүгийн чадамжтай эсэх тодорхойгүй, оршин суугчидтай зөвшилцөөгүй, шууд л 2025 оны 08 дугаар сарын 04-нд “Азийн идэр цамхаг хэмээх компани шалгарсан” гэж мэдэгдсэн. Тухайн үед 20 гаруй оршин суугч нэгдэж уг компанийн талаар судалсан бөгөөд Захиргааны хэргийн шүүхэд ханджээ. Ингээд шийдвэрээ хүлээж байтал байрыг нь нураасан байна. Уг байрны 1-р давхарт үйлчилгээ эрхэлдэг байсан иргэн ч “гэнэт л цахилгаан, дулаан тасалж нүүхийг шаардсан” хэмээн цахим хуудсандаа бичжээ.

Ийнхүү асуудлаа ярилцаж шийдэлд хүрэлгүй байрыг нурааж, оршин суугчдын талаар ч ташаа ойлголт төрүүлэх мэдээлэл цацсан нь хэний буруу вэ?

Мэдээж ашиглалтын шаардлага хангахгүй хуучны барилгуудыг нурааж шинэ орон сууц барих хөтөлбөр бодлого зөв бөгөөд чухал. Ингэхдээ оршин суугчдын эрх ашгийг хамгаалах ёстой. Хэн ч өөрийн эзэмшлийн байр, өмч хөрөнгөө захиран зарцуулах эрхтэй. Тэр тусмаа дахин төлөвлөлтөд орж байгаа учраас дараагийн орон сууцаа цаг хугацаанд нь хүлээн авахын тулд гүйцэтгэгч талаас үйл ажиллагааны болоод санхүүгийн баталгаа шаардана.

Тиймээс нийслэлийг орон сууцжуулах дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэхдээ энэ мэт асуудалд онцгойлон анхаарч, хаана хаанаа ойлголцож, гол нь хүний эрхийг хангахыг дээрх үйл явдал сануулга боллоо.  

 

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна