2025/12/08

Гарчиг байхгүй…

info@inder.mn
2019/01/21

За би үүнийг захиалгаар бичиж байна энээ тэрээ гээд эхэлбэл жаахан “онигоотой” юм болох гээд байна. Яахав зүгээр сэдлийн дагуу өөрийн бодлоо цэгцэлж бичлээ гэвэл арай онох байх. Бараг гурван сарын өмнө байхаа Монголчууд зэрэгцэж оршиж чадаж байгаа боловуу гэсэн асуулт гарчиг надаас асуусан юм. Бичих гэсэн зүйлээ шууд эхлүүлж чаддаггүй өнөөх дадалтайгаа санан байж энэ удаагийн бичвэрээ шууд эхлэхээр шийдлээ.

Бид хамтран оршиж чадаж байна уу? Бид хаана ч зэрэгцэж оршиж чаддаггүй гэж би хэлмээр байна. Түүнийг ямар ч зүйлээс харж жишээ авч болно л доо. Надад хамгийн ойр жишээ гэвэл зорилго нэгтэйгээр эх орноосоо гарсан янз бүрийн насны хүмүүст аль нэг газар, нэг ба түүнээс дээш тоогоор зэрэгцэж амьдрах шаардлага үүсдэг талаар авч үзэж болно. Жишээлбэл харийн аль нэг улсын, аль нэг хотод, аль нэг сургууль, бүр нарийвчилбал нэг оюутны байр, цаашилбал нэг өрөөнд гээд л зэрэгцэж хамтарч орших шаардлага гарч байгаа юм. Харин тэр цагаас эхлээд “пракц”-ууд үүснэ. Параакцийн хувьд бол зүгээр л алиалал, өөр юу ч биш. Хэзээ ч хүн хүнээ 100 хувь зөвшөөрч, 100 хувь таална гэж байхгүй, тийм учраас хүнтэй хамаатай бүх харилцааг зорилго нь уяж нэгтгэж байж гэмээнэ хүмүүс хамтдаа удаан явна. Гэтэл параакц хүмүүсийн анхаарлыг “Зорилго”-с нь гажуудуулаад “Хүн” дээр аваад ирдэг “Тэр муухай зантай, тэр амбицтай, тэр амиа бодсон” энээ тэрээ, “ТЭР”-нтэй суух гээгүй л юм бол тэгээд хаяач дээ.Пракцийн алиа нь ердөө л энэ. Нэг насаар чинь чамайг түүнтэй амьдар гээгүй цагт тэрийг зөнд хаяж чаддаг л байх хэрэгтэй. Ямар ч төрлийн клуб, байгууллага, холбоо, нэгдлийн хувьд үүсэл гарал болоод зорилго хамгийн чухал гэж би боддог. Үүсэл гарал яагаад чухал вэ гэвэл анх ХЭН байснаа санаж явахад хэрэгтэй байдаг юм, учир нь ямар ч том зүйл жижиг зүйлээс, энгийн зүйлээс, даруу зүйлээс эхэлдэг. Зорилго яагаад чухал вэ гэвэл ХЭН болох гээд байгааг нь сануулж өгдөг юм, зорилго өөрөө агуу, том, мундаг байх хэрэгтэй.

Бидний зүрх, бидний тархи болоод бүх бие эрхтэн … Энэ бүхэнтэй бид, бид өөрөө өөртэйгөө ч гэсэн яг л нэг удаагийн хэрэглэл шиг харьцаж байна. Зүрх шаналлаа гээд сархад балгах, сэтгэл тавгүйтлээ гээд тамхи баагиулах, ондоо байлаа гээд өшиж хорсох, өөрийг нь тоосонгүй гээд хардаж бачуурах. Бид яагаад өөрсөдтэйгөө ингэж харьцдаг юм бэ? Хором мөч бүрт өөрийгөө устган мөхөөж байгаа хэрэг биш гэж үү ? Нэг л амьдраад буцах хорвоо учраас тэр юм болов уу ?

Зөвхөн эд эрхтэн ч биш, сэтгэл зүрх ч ялгаагүй шархтай буцдаг. Утга учиргүй нэг нэгнээ хуурч мэхлэн, харанхуйн дунд нулимстай нь орхисон зүрх эргээд өөрсөд дээр минь гэмшлээр давтагддаг. Үг ярианаасаа эхлээд л бид бусадтай хөндий хүйтэн харьцдаг, үнэн сэтгэлээс гарсан мишээл бидний нүүрэн дээр тодордоггүй, хэзээ ч дахиж харахгүй царай гээд ууртай зөрдөг, 1000-д нэг учрах тавилан гэдгийг даанч ухаардаггүй. Аав ээж, гэр бүлтэйгээ хүртэл нэг удаагынх мэт ханддаг хүмүүс олон. Авахыг алба мэт өгөхийг өр мэт санах арчаагүй сэтгэлгээ, өөрийгөө бүрэн тушаан өхөөрдөм жаахан хүүхэд төрүүлж өгчихөөд байхад хүртэл илүүг харж шинийг сонжих бид хамгийн дотно гэх зүйлсдээ хүртэл хоноцын юм шиг ханддаг. Хойд нас хойшдын заяа хэрхэн шийдэгдэхийг бид хэлж мэдэхгүй, миний цорын ганц мэдэх зүйл бол яах аргагүй энэ хорвоо дээр бид хүн болж мэндэлсэн, ихдээ л 80–90 жил амьдраад энэ бүхнийг орхин одно. Хүмүүс бид “Намайг амьд байхад дуусчихгүй л бол, миний үед хөмөрчихгүй л бол” гэсэн хувиа хичээсэн сэтгэлгээгээр юм бүхэнтэй харьцаж байна.

Одоо надаас асуу. Амьдрал гэж юу юм бэ гэж асуу, нэг л амьдрах хорвоод яагаад эргэж дахин төрөх мэт амьдрах ёстой билээ гэж асуу, ирээдүй хойч үеийнхээ төлөө гэж би хариулъя. Мах цусны чинь тасархай болсон энхрий хайртай үрс чинь бас л нэг насны амьдралыг туулах тавилантай хорвоо учраас, энэ л жам болоод хайраар хүн төрөлхтөн өнөөг хүртэл байгаль дэлхий, хүний соёлыг хадгалж, хайрлаж ирсэн учраас нэгэн үед амьд явах тавилан заяасан хүмүүн та бүхнээс би битгий явуулын зочид буудалд буугаад гарч байгаа юм шиг амьдралтай харьцаач гэж хүсье, зүгээр хаана ч хамтран оршиж сурцгаая



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна