УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы 2019 оны 1 дүгээр сарын 24-ний үдээс хойших нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Ё.Баатарбилэг, С.Бямбацогт, Д.Хаянхярваа нарын санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх журам батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Журмын төсөлтэй холбогдуулан асуулт асууж тодруулсан УИХ-ын гишүүн Х.Баделхан, Н.Оюундарь нарын асуултад Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан, ажлны хэсгийн гишүүн С.Бямбацогт нар хариулт өгсөн юм.
Ингээд тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооноос гаргасан журмын төслийн 6.1.2 дахь заалтын “үндэслэл” гэсний өмнө “хуулийн” гэж нэмэх зарчмын зөрүүтэй саналаар санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 61.2 хувь нь дэмжиж, тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв.
Дараа нь Засгийн газраас өнгөрсөн оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн “Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв түүний нэмэгдэл олгох журам батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийж, тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан танилцуулав.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүдээс асуулт, санал гараагүй тул Байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв.
Улсын Их Хурлаас 2017 оны 12 дугаар сард баталж, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлэх үүднээс төрийн албанд дагаж мөрдөх 47 дүрэм, журмыг шинээр буюу шинэчлэн баталж мөрдүүлэх шаардлагатай байгаа бөгөөд үүнээс уг хуульд заасны дагуу 7 дүрэм, журмыг нь Улсын Их Хурлаас тогтоол гаргаж батлах юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна