2024/03/28

С.ЭНХБОЛД: ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ХӨГЖЛИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ЦОГЦ ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭРЭГЖҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА

info@inder.mn
2022/06/21

Монгол Улсын Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу “Хүн амын нас, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, оношилгоог зохион байгуулах” үйл ажиллагааны талаар болон Эрүүл мэндийн салбарт хийгдэж буй  томоохон  шинэчлэлийн асуудлаар Эрүүл мэндийн сайд С.ЭНХБОЛДТОЙ ярилцлаа.
 
-2022 оны 5 сарын 1-ний өдрөөс улс орон даяар Эрт илрүүлэг, үзлэг, шинжилгээ, оношилгооны томоохон ажил өрнөж байна. Цар тахлын дараагаар эрүүл мэндийн салбарынхан энэ том ажлыг эхлүүлэхэд бэрхшээл гарч байна уу?
 
- Дэлхийн улс орнуудын эрүүл мэндийн салбарт цар тахлын нөлөөгөөр олон бэрхшээл үүсч байгаа боловч шинэ боломж, санхүүжилтийн эх үүсвэрүүд гарч ирж байгаа гэдгийг дурдаж байгаа. Жишээ нь  Барууны улс орнууд сүүлийн 30 жилд хийж чадаагүй  эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн ажлыг цар тахлын үеийн хоёр жилийн дотор хийсэн гэдгээ мэдэгдэж байна.  Бид ч мөн ингэж харж хийж  байна. Засгийн газар ба УИХ-ын гишүүд салбарын шинэчлэлд онцгойлон анхааран дэмжиж, боломж олгож байгаад талархаж байгаа. Бид цар тахлын хүнд үед салбарын цогц шинэчлэлийн ажлуудыг маш богино хугацаанд төлөвлөн, хэрэгжүүлж өнөөдөр үр дүнгээ дүгнэн харж эрүүл мэндийн салбарын ирээдүйн хөгжлийн төлөвлөгөөгөө боловсруулан ажиллаж байна.
 
Тухайлбал, Эрүүл мэндийн салбарынхан цар тахлын хүнд үед Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хамгийн чухал ажил болох  эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд бэлтгэж эхэлсэн бөгөөд 2021 оны 6 сард улсын төсвийн тодотголд оруулж, 110 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг эрүүл мэндийн салбарт батлуулж чадсан. Уг хөрөнгө оруулалтын тодорхой хэсгийг 21 аймаг, есөн дүүрэгт нэн шаардлагатай ходоодны дуран, эхо, рентген аппарат, эмэгтэйчүүд, чих хамар хоолой, нүдний чиглэлийн  хамгийн сүүлийн үеийн үзүүлэлт бүхий тоног төхөөрөмжийг худалдан авч, суурилуулан өнөөдрийн байдлаар аймаг, нийслэлд олон улсын стандартад нийцсэн 17 “Эрүүл мэндийг дэмжих төв” иргэдэд үйлчилж эхлээд байна. Үлдсэн аймгуудад дэмжих төвийн барилгын засвар болон тоног төхөөрөмжийн суурилуулалтын ажлууд хийгдэж байна. Засварын ажил тоног төхөөрөмжийн суурилуулалтад өдөр тутамдаа өөрийн биеэр хяналт тавьж ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд он гарснаас хойш 14 аймгийн эрүүл мэндийн төвд ажилласан байна. Цар тахлын хүнд үед бид 21 аймаг, УБ хотын томоохон эмнэлэгүүдийг хүчилтөрөгчийн үйлдвэр ба дотоод  шугам хоолой төгсгөвч, амьсгалын аппаратаар иж бүрэн хангаж сэхээн амьдруулах чадавхийг сайжруулсан ба ЭМЯ үндэсний хэмжээний хүчилтөрөгчийн хангамж ба эмнэлгийн хог хаягдлыг экологид ээлтэй боловсруулах  менежментийн төлөвлөгөөтэй болно.
 
-Эрт илрүүлгийн ач холбогдлыг бодлогын түвшинд хэрхэн үнэлж байна вэ?
 
- Эрт илрүүлгийн ажил  эхлээд  нэг сарын хугацаанд 127 мянган хүн үзлэгт хамрагдсан байгаагаас харахад бидний ажил нэлээд эрчтэй, амжилттай  явагдаж байна. Учир нь, 2021 онд бүтэн жилийн хугацаанд 96,800 хүн хамрагдсан байдаг. Сар бүрийн дүн, жилийн дүнг тооцон гаргах цахим программ бэлэн болсон. Үр дүнгийн хувьд  жишээ нь Улсын Нэгдсэн 3-р эмнэлэгт 5 сард 1250  иргэн үзлэгт хамрагдсанаас умайн хүзүүний хавдрын ПАП шинжилгээнд хамрагдассадын 16.4 хувьд эмгэг, ходоодны шинжилгээнд хамрагдасдын 0.5 хувьд хавдар, 3.6 хувьд хавдрын урьдал, зүрхний шинжилгээнд 11.2 хувьд зүрх судасны эмгэг илэрсэн байна. Манай улсад өнөөг хүртэл өвчлөлийн нас, хүйс, газар зүйн байрлал, түүнд нөлөөлж буй бусад хүчин зүйлийг багтаасан нэгдсэн том дата хангалттай биш байна. Тэгэхээр энэ  ажлыг манай улсын урт хугацаандаа хийж, хэрэгжүүлэх маш том бодлогын арга хэмжээний эхлэл гэж ойлгож болно. Энэ удаа бүх насны иргэд нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан үзлэг  шинжилгээ, оношилгоонд хамрагдаж байна. Жилийн дараа гэхэд бид өвчлөл, өвчний төрлийг бүс нутаг болон аймгаар гаргаж, тухайн аймаг, суманд зонхилон тохиолдож буй өвчнүүдэд орчны хүчин зүйл нөлөөлж байна уу? хоол, хүнс, ахуйн хэрэглээнээс болж байна уу? өөр бусад ямар хүчин зүйл нөлөөлж байна? гэх мэт нарийн асуудлыг тодорхой болгох суурь мэдээлэлтэй болох юм. Үүний дараа чиглэсэн тодорхой бодлогууд гарч эхэлнэ гэсэн тооцоотой ажиллаж байна.
 
Жишээ нь, хавдар бол өнөөдөр ганцхан манай улсад тулгамдаад  байгаа асуудал биш. Дэлхий дахинд хавдрын өвчлөл ихэссэн. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр, нийгэм өөрөө маш хурдтай хөгжиж, үүнтэй холбоотойгоор хүний амьдралын хэв маяг,  амьдрах орчин, хоол хүнс гэх мэт олон зүйлд  маш их өөрчлөлт орж байна. Үүнийг дагаад зарим өвчний тохиолдол нэмэгдэж байгаагийн нэг нь хавдрын өвчлөл юм. Аливаа хавдрыг  эрт оношилбол бүрэн эдгэрэх хувь өндөр байдаг ба эдийн засгийн хувьд иргэнд ч, нийгэмд ч үр ашигтай. Иймд эрт илрүүлэг маш чухал юм.  Мөн  эрүүл мэндийн боловсролыг аль болохоор багад нь, сургууль цэцэрлэгийн насанд нь олгох хэрэгтэй байгаа юм. Ингэснээр бид хүн амаа эрүүлжүүлэх сууриа тавьж, монгол хүн урт насалж, эрүүл амьдрах боломжтой болно. Тэгж байж Монгол Улс хөгжинө. Тиймээс Ерөнхий сайдын санаачлан эхлүүлсэн энэ ажил маш үр дүнтэй болох ёстой. Үүнийг дагаж, дээр хэлсэнчлэн манай улсын эрүүл мэндийн салбарт том дата үүсэж, түүнээс нотолгоонд суурилсан манай  салбарын шинэлэг бодлогууд гарч ирэх юм. 
 
-Эрүүл мэндийн салбарын хөгжлийн цогц бодлогыг боловсруулан ажиллаж байгаа гэсэн. Энэ талаараа мэдээлэл өгнө үү?
 
-Эрүүл мэндийн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд маш олон шинэчлэлийг цогцоор нь хийж байна. Үүнд Эрүүл мэндийн салбарын цахим шилжилт, гүйцэтгэлийн санхүүжилт ба нэг худалдан авагчийн тогтолцоо бүрдүүлэх,  Эрүүл мэндийн даатгалын шинэчлэл, хууль эрх зүйн шинэчлэлүүд шил шилээ даран маш хурдацтай өрнөж байна.
Эрт илрүүлэгтэй зэрэгцээд бидний хийж буй бас нэг томоохон шинэчлэлийн ажил нь ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ЦАХИМЖИЛТ юм. Эрүүл мэндийн салбар бүхэлдээ цахимжсанаар “Иргэн бүр цахим карттай” болж байна. Ингэснээр тухайн иргэний төрснөөс хойшхи бүх эрүүл мэндтэй холбоотой мэдээлэл цахим картанд хадгалагдаж өвчний түүх үүсэх боломжтойгоос гадна Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжлийн бодлогын суурь мэдээллийн бааз бүрдэж байгаа юм.
Мөн 2021 онд гүйцэтгэлийн санхүүжилт ба нэг худалдан авагчийн тогтолцооны шинэчлэлийг хийсэн. Энэ тогтолцоо бүрэн утгаараа хэрэгжиж эхэлснээр салбарын эмч, ажилчдын тулгамдсан асуудал болох цалинг нэмэх боломж эмнэлгийн дарга нарт олгогдож байгаа юм. Гүйцэтгэлийн санхүүжилтийн хамгийн том давуу тал нь иргэд ЭМД-аараа эмнэлгээ сонгож үйлчлүүлэх боломжтой болсон бөгөөд төр ба хувийн хэвшлийн бүхий л түвшний эмнэлгүүд улсын төсвөөс санхүүжилт авахгүйгээр оношилгоо, эмчилгээний гүйцэтгэлээрээ ЭМДЕГ-аас санхүүжилтээ авдаг болсон. Ингэснээр иргэдэд чирэгдэлгүй, иргэндээ ээлтэй зөв систем бүрдсэн.  
 
-Сүүлийн өдрүүдэд эмийн чанарын асуудал ихээр яригдаж байна. Эмийн үнэ, чанар, хангамжийн тал дээр ямар ажлууд хийгдэж байна вэ?
 

-Бид эмийн чанар, нэг худалдан авагчийн тогтолцоог бэхжүүлэх ажлын хүрээнд өнгөрсөн онд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрыг байгуулсан бөгөөд  эмчилгээ, оношилгооны өндөр идэвхтэй, аюулгүй, чанарын баталгаатай эм, эмнэлгийн хэрэгслийг хэрэглэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор ажиллаж байна. Энэ жилийн хувьд ч бид салбарын хүрээнд “Чанар аюулгүй байдлын жил” болгон ажиллаж байгаа бөгөөд үүнд эмийн чанар ихээхэн ач холбогдолтой байгаа.
Энэ зорилтын хүрээнд Дэлхийн томоохон эм үйлдвэрлэгч Швейцарын Новартис компанитай гэрээ байгуулан  ажиллаж байгаагаас гадна өнгөрсөн тавдугаар сард  Женев хотод болсон Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 75 дугаар чуулганд оролцох замаараа  би зориуд  Копенхаген хотноо орших НҮБ-ын Хүүхдийн сангийн Хангамжийн газрын Төв оффис болон агуулахтай танилцаж туршлага судлан ажилласан. Тус айлчлалын дүнд Хүүхдийн сангийн Хангамжийн газраас Монгол Улсад ханган нийлүүлэх боломжтой эм, вакцин, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж зэрэг эрүүл мэндийн үндсэн технологиудын нийлүүлэлтийг хэрхэн хийх боломжтой талаар нарийвчлан танилцаж, холбогдох газрын дарга, мэргэжилтнүүдтэй интерактив хэлэлцүүлэг өрнүүлсэн. Засгийн газрын зүгээс зайлшгүй шаардлагатай эм, вакцин, эмнэлгийн хэрэгслийг төвлөрүүлж худалдаж авах нөхцөлд агуулахын менежментийг нутагшуулж, тогтолцоог бэхжүүлэх шаардлагатай талаар Хүүхдийн сангийн Хангамжийн газар онцолж энэ талаар Монгол Улсын Эрүүл мэндийн яамтай хамтран ажиллаж, техникийн туслалцааны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой болохыг тэд хэлсэн. Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хүүхдийн сангийн Хангамжийн газраар дамжуулан тодорхой нэр төрлийн эм, вакциныг худалдан авах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Түүнчлэн манай улсад Олон улсын стандартын дагуу АХБ-ны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Эмийн төв агуулахыг ашиглалтад хүлээн авсныг мэдээлж , үүнтэй холбоотойгоор агуулахад ажиллах хүний нөөцийг чадавхжуулах, ханган нийлүүлэлтийн гинжин хэлхээний хяналтын програм хангамжийг нэвтрүүлэх, агуулахын менежментээр техникийн туслалцаа үзүүлэхийг Хүүхдийн сангийн Хангамжийн газрын удирдлагаас албан ёсоор хүссэн. Тус Хангамжийн газрын холбогдох газар, хэлтсүүд дээрх жагсаалтад багтсан эм, вакциныг манай улсад нийлүүлэх үнэ болон бусад нөхцөлийн талаар аль болох түргэн хугацаанд судлаж, хариуг албан шугамаар Эрүүл мэндийн яаманд болон НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газарт хүргүүлнэ гэдгээ мэдээлсэн. Мөн эм, эмийн хэрэгслийн хуулийн төслийг бид татан авч нэмэлт өөрчлөлтийг хийж байгаа.

-Эмийн хангамж дээр хүүхдийн хавдар, саа, саажилтын эмийн асуудалд ямар ахиц гарсан бэ?
 

-Чанартай эмийг үйлдвэрлэгчээс болон  эмийн хатуу зохицуулалттай орнуудаас ханган нийлүүлэх ажлын хүрээнд үе шаттай олон ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна. Хамгийн сүүлийн үр дүнтэй ажил тархины саа, саажилттай хүүхдийн эм, түүнчлэн хүний хөхөнцөр вирусийн эсрэг вакцин болоод хүүхэд болон насанд хүрэгчдэд түгээмэл хэрэглэгддэг зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг өвчлөлийн мэдээллийн хамт бэлтгэн Хүүхдийн сангийн Хангамжийн газрынханд танилцуулж хамтран ажиллахаар болсон. Эхний үр дүнгүүд гарсан бөгөөд тархины саа, саажилттай хүүхдүүдийн 12 нэр төрлийн эмийг Франц, Герман, Швейцари зэрэг улс орны үйлдвэрлэгчээс татан авах саналыг хүргүүлсэн. Бид эмийн чанарыг сайжруулах зорилгоор ханган нийлүүлэгч байгууллагуудтай хамтран чанартай эмийг, эмийн хатуу зохицуулалттай улс орнуудаас татан авах тал дээр анхааран ажиллаж байна. Мөн тархины саажилтын үед тодорхой заалт шаардлага хангасан хүүхдүүдэд  хийгддэг дэлхийн цөөхөн оронд хийж байгаа селектив дорсаль ризотомия хагалгааг монголд нутагшуулахаар ажиллаж байна.
 
-Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 75 дугаар чуулган ямар сэдвийн хүрээнд хуралдсан бэ?
 

 -Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн энэ удаагийн чуулган “Эрүүл мэндийн төлөө энх тайван, энхийн төлөө эрүүл мэнд” сэдвийн хүрээнд хуралдлаа.
Энэ удаагийн чуулганд “Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах” асуудлаарх өндөр түвшний уулзалтаас баталсан Улс төрийн тунхаглалын хүрээнд авсан амлалтуудын хэрэгжилтийг хангах чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаануудын хэрэгжилт, явцын тайланг тайлагнаж оролцлоо. Үүнд ХДХВ, вируст гепатит, бэлгийн замаар дамжих халдварын дэлхийн стратегиудын хэлэлцүүлэг, Дэлхийн дархлаажуулалтын зорилт 2030-ын хэлэлцүүлэг, Эх, нярай, бага насны хүүхдийн хоол тэжээл зэрэг асуудлаар Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс үг хэлж байр сууриа илэрхийллээ.
Чуулганы үеэр ДЭМБ-ын Ерөнхий захирлаар Др. Тедрос Гебрейусус улиран сонгогдсон бөгөөд  Др.Тедрос Гебрейусусд цар тахалтай тэмцэж буй Монгол Улсын Засгийн газрын хариу арга хэмжээ, нөхцөл байдлын талаар товч танилцуулж, ДЭМБ-аас санаачлан НҮБ-ын системийн байгууллагууд болон олон улсын доноруудын санхүүжилтээр хэрэгжүүлж буй вакцин хангамжийн КОВАКС хөтөлбөр болон халдварын эсрэг эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангах, АСТ-А хөтөлбөрүүд нь хөгжиж буй улс орнуудад нэн шаардлагатай вакцин, эм, эмнэлгийн хэрэгслийг ханган нийлүүлсэн нь цар тахлын эсрэг тэмцэлд чухал хувь нэмэр оруулсан болохыг тэмдэглэж, дээрх хөтөлбөрүүдийн үр шимийг хүртэгч улсуудын нэг болохын хувьд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс ДЭМБ-д талархал илэрхийлсэн.
 
ДЭМБ-ын Ерөнхий захирал Др.Тедрос Гебрейусусд хандан эмийн хяналтын үндэсний лабораторийн хүчин чадалд үнэлгээ хийлгэж, шинжээчдийн багаар лабораторид тавигдах олон улсын стандарт шаардлага зэргийг тодорхойлуулж, түүний дагуу чадавх бэхжүүлэх, хүний нөөцийг сургах зэрэгт шаардлагатай дэмжлэг үзүүлэхийг хүссэн бөгөөд хүсэлтийг хүлээн авч Монгол Улсын Засгийн газарт бүрэн дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлсэн. Мөн чуулганы үеэр Женев хотноо ДОХ, Сүрьеэ, Хумхаатай тэмцэх Глобаль сангийн Монгол Улсыг хариуцсан удирдах албан тушаалтнууд, БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яамны удирдах албан тушаалтнууд болон Олон улсын атомын энергийн агентлагийн ПАКТ хөтөлбөрийг хариуцсан газрын захиралтай тус тус хоёр талын ажил хэргийн уулзалтуудыг хийсэн. Уулзалтын үр дүнгүүд удахгүй гарна гэдэгт итгэлтэй байна.
 
-Эрүүл мэндийн цахим шилжилтийн ажлын явц ямар байна вэ? Ямар ахиц, дэвшил, шинэчлэлүүд бэлэн болсон байна вэ?
 

-Эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн эмнэлгүүд  30 гаруй цахим системүүдийг ашигладаг бөгөөд хоорондоо холбогдож, интеграц хийгддэггүй, мэдээлэл солилцдоггүй байсан. Салбар удирдаж байгаа хүний хувьд хийх юмсан гэж зорьж буй гол ажлын нэг нь эмнэлэг бүрд тусдаа ашиглагддаг, салбарын хэмжээнд холбогддоггүй энэ олон  системийг хоорондоо холбогддог болгож  интеграц хийх, нэг ёсондоо нэгдсэн мэдээлэл солилцох боломжтой болгох цахим шинэчлэлтийг эрчимжүүлэн ажиллаж байна. Ерөнхий сайд 2021 оны зургадугаар сард Эрүүл мэндийн салбарын цахим системийг сайжруулах, эрчимжүүлэх чиглэл өгсөн. Ерөнхий сайдын дэргэд Ажлын хэсэг гарч, дэд ажлын хэсгийг миний бие удирдаж байгаа.
Нөгөө талаар манай салбарт хэсэг хугацаанд үйл ажиллагаа нь зогсоод байсан Дэлхийн банкны санхүүжилттэй “Цахим эрүүл мэнд төсөл-2”-ын үйл ажиллагаа нь сэргэж байна. Эрт илрүүлэг арга хэмжээ эхлэхээс өмнө бид анхан шатны 330 сум, 210 орчим өрхийн эрүүл мэндийн төвийг хооронд нь холбох нэгдсэн платформыг шийдэж нэвтрүүлэлтийн ажлыг хийж байна.  Энэ төсөл амжилттай хэрэгжсэнээр иргэд хөдөө орон нутгаас хотод ирэхдээ заавал тор дүүрэн зураг, ном шиг зузаан карт барьж ирэх шаардлагагүй болно. Аль ч эмнэлэг тухайн хүний ID дугаараар хайлт хийгээд  зураг ба шинжилгээний хариуг  харж, эмчилгээгээ хийгээд явах боломжтой болох юм. Энэ бол салбарын хувьд маш том дэвшил.
 
-Энэ 7 хоногт манай улсад ДЭМБ-ын Номхон далайн баруун  бүсийн захирал Др.Такеши Касай айлчилж байна. Энэхүү айлчлалын хүрээнд юу яригдаж байна вэ?
 

-Энэхүү айлчлал нь 2022 оны 5 сард болсон Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 75 дугаар чуулганы дараа болж байгаагаараа онцлог юм. ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Такеши Касай мөн Монгол Улсын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдтай уулзсан. Тэрээр манай улсын цар тахалтай тэмцсэн өвөрмөц  тактикийг өндрөөр үнэлсэн. Мөн ДЭМБ Номхон далайн баруун  бүсийн захирал Др. Такеши Касай Монгол Улсыг 10  сарын турш цар тахлыг хилээрээ нэвтрүүлэхгүй дотооддоо алдахгүй барьж чадсаныг мөн сайшааж байсан. Учир нь БНХАУ-тай хамгийн урт хилээр хиллэдэг улсуудын нэг болох Монгол Улсыг ийм удаан барьж чадна гэж хэн ч тооцоолоогүй. Цар тахлын хүнд үед  Монгол Улс өрхийн эмнэлгээр дамжуулан тусламж үйлчилгээг иргэдэд ойр үзүүлэн вирусын эсрэг эмчилгээг эрт бас үнэ төлбөргүй үзүүлсэн жишиг, мөн зөвхөн хүнд төдийгүй хүндрэх эрсдэлтэй өвчтөнүүдийг хэвтүүлэн эмчлэх орыг хангалттай дэлгэж орыг төвлөрүүлэн ор зохицуулах багийг байгуулан ажилласан нь бүсийн хэмжээнд сайн жишээ болсныг үнэлсэн. Монгол Улсын туршлагын дагуу  манай бүсийн Лаос ба Камбож улсууд  манай тактикийг хэрэглэсэн гэдгийг тэрээр хэлсэн.
Мөн Монгол Улсын Засгийн газар 2021 онд дэлхий даяар вакцины хомсдол үүссэн хүнд үед дипломат бодлогын ур чадвар гаргаж вакцины хангалт хийж сонголт бий болгож бүсийн хэмжээнд хамгийн түрүүнд вакцины 2 тунгийн хамралтаар хамгийн өндөр үзүүлэлтэд хүрсэнийг сайшаасан. Мөн 1мкв нутаг дэвсгэрт  амьдардаг хүн амаараа дэлхийн хамгийн багад ордог  Монгол Улсад вакцины хамралт ийм өндөр байж нүүдэлчин малчин хүмүүст хүрч вакцинжуулалт хийж чадсан орон нутгийн эмч нарын хөдөлмөрийг ихээр үнэлж бахархаж байгаагаа илэрхийлж байсан.
Манай улс цар тахлын дараагаар эрт илрүүлгийг хийж мөн урт хугацааны ковидын үлдэцийг илрүүлэх чиглэлээр хийж буй ажлыг ихэд сайшааж Багануур дүүрэг мөн Хэнтий аймагт газар дээр нь очиж үзсэн.
 
-Манай улсад эмчлэгдэх боломжгүй 26 төрлийн өвчин байдаг. Эдгээр болон бусад өвчний шалтгаанаар иргэд гадагшаа явах урсгал нэмэгдэж байна. Энэ чиглэлд ямар ажлууд хийж байна вэ?
 

-Одоогоор манай улсад эмчлэх боломжгүй гэсэн жагсаалтад багтсан 26 өвчин бий. Ийм оноштой хүмүүс бол яалт ч үгүй гадагшаа явж эмчилгээ хийлгэхээс өөр арга байхгүй. УИХ, Засгийн газраас  эрүүл мэндийн салбарт онцгой анхаарал тавьж байгаа учраас хөрөнгө оруулалтууд ч сайн хийж байна. Түүний хүчинд бид манайд эмчлэгддэггүй 26 өвчний 4-ийг нь Монголдоо эмчлэхээр зорьж аппарат, тоног төхөөрөмжөө суурилуулан, хүний нөөцөө  бэлтгээд байна. Энэ ондоо багтааж 26-г 22 болгож бууруулах болно. Ингэснээр иргэдийн хувьд санхүүгийн хүндрэлд орохгүй болж гадагшаа гарах валютын урсгал буурна гэж үзэж байгаа. Эрүүл мэндийн салбарт хүний нөөцийг чадавхжуулах асуудал хамгийн чухал байдаг бөгөөд энэ хүрээнд олон улсын UPTODATE системийг эмч нар маань үнэ төлбөргүй ашиглаж олон улсын эмнэлзүй, судалгааны материалуудтай цаг алдалгүй танилцаж, суралцах боломж бүрдсэн. Мөн бид эмч нараа багаар нь чадавхжуулах ажлын хүрээнд гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлж гадаад сургалтыг эрчимтэй зохион байгуулан ажиллаж байна.
 
-Монголд шинээр нутагшуулах эмчилгээнийхээ тухай та дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
 

-Нэгдүгээрт, донороос цусны үүдэл эс шилжүүлэн суулгах тасгийг байгуулан засварыг хийн  тоног төхөөрөмжийг  Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Цусны төвд суурилуулсан. Ингэснээр цусны хорт хавдруудыг эмчлэх боломж нэгээр нэмэгдэж байна гэсэн үг. Цусны хавдартай хүнд донороос ясны чөмөг, цусны үүдэл эс шилжүүлэн суулгахад дунджаар  400-700 орчим сая төгрөг зарцуулдаг. Энэ технологийг бид Улсын нэгдүгээр төв эмнэлэгт суурилуулж, боловсон хүчнээ бэлтгэсэн. Эхний хүн удахгүй эмчилгээндээ орох гэж байна. Бид энэ эмчилгээг эхний ээлжинд насанд хүрэгчдэд хийж, дараа нь хүүхдүүдэд хийдэг болох бэлтгэл ажлаа базаагаад байна. Энэ хагалгааг 2022 оны 8 сард хийх төлөвлөгөөтэй байна.
Хоёрдугаарт дутуу нярайд тохиолддог торлог ховхрох үед хийгддэг  нүдний торлог шилэнцрийн мэс заслыг хийх  тоног төхөөрөмжийг ЭХЭМҮТ-д суурилуулж,  эмчилгээг хийгээд эхэлсэн. Мөн эхийн хэвлийд байгаа ихэр ургийн нэг нь илүү давамгайлж цусан хангамж авч, нөгөө нь цусан хангамж авч чадахгүйгээс болж үүсдэг эмгэгийг эмчлэх, ихэр ургийн хүйн судсыг эхийн хэвлийд байхад нь салгах эмчилгээг нэвтрүүлэн эхний тохиолдлуудаа амжилттай хийгээд байна.  Мөн хүүхдийн зүрхний төрөлхийн хүнд хэлбэрийн  эмгэгийн  нэг болох хүүхдийн зүрхний хавсарсан  хөх  гажгийг эмчлэх тоног төхөөрөмж хүний нөөцийг бэлтгэн  мэс заслыг эхлүүлэхэд бэлэн болоод байна.
Үүнээс гадна Эрүүл мэндийн салбарт 2021 онд хийсэн төсвийн тодотголын үр дүнд зургаан аймагт судсан дотор мэс засал хийх үед ашигладаг ангиографийн аппаратыг суурилуулж, төвлөрлийг бууруулах ажлыг эхлүүлснээр иргэд нийслэл явах шаардлагагүй болсон. Энэ аппаратыг 4-5 жилийн өмнө зөвхөн Улсын гуравдугаар төв эмнэлэгт зүрхний шигдээс болон тархины судсан доторх оношилгоо эмчилгээнд ашигладаг байсан бол одоо Улсын нэг, хоёрдугаар төв эмнэлэг болон зарим хувийн хэвшлийн эмнэлэг, орон нутгийн эмнэлэг, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд ашиглаж байна. Эмнэлгүүдэд суурилуулсан аппарат, тоног төхөөрөмж дээр ажиллах боловсон хүчнээ бид сургаад, орон нутагт  нь тархи, нугас, хурц цус алдалт, элэгний хавдрын оношилгоо эмчилгээг хийх боломжтой болсон.
Үнэхээр оношилж эмчлэхэд төвөгтэй  тохиолдол  тулгарвал  туршлагатай эмч нар газарзүйн байршлаас  үл хамааран  онлайнаар заавар зөвлөгөө өгч, мэдээлэл солилцох, эсвэл  мэргэжлийн баг очиж мэс засал хийх боломжийг бүрдүүлсэн гэсэн үг. Үүнээс гадна бид 15 аймгийг  бөөр, шээсний замын дурангийн мэс заслын иж бүрэн  төхөөрөмжөөр хангаж, өнгөрсөн дөрөвдүгээр сард бүх эмч, сувилагчаа сургаж,   энэ төрлийн мэс заслыг орон нутагт хийдэг болсон.  Энэ бүгд манай салбарт эмнэлгийн тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах, иргэнд үйлчилгээг ойртуулсан  томоохон дэвшилтэт ажил болсон.
 
-Гадаадад өндөр үнээр хийгдэхээс өөр аргагүйд хүрдэг зарим оношилгоог дотооддоо шийддэг болсон. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү?
 

-Хавдрын үе шат,  үсэрхийллийг тодорхойлох, эмчилгээний үр дүнг  хянахад чухал ач холбогдолтой  PET/CT буюу Позитрон эмиссион томографийн шинжилгээг манай иргэд ихэвчлэн БНХАУ, ОХУ, Өмнөд Солонгост очиж хийлгэдэг байсан. Жишээлбэл, Хятад улсад энэ шинжилгээ 10.000 юанийн буюу дөрвөн сая гаруй төгрөг  байдаг. Дээр нь  тухайн хүний онгоцны тийз, дагалдан яваа хүнээс гарах зардал, зочид буудал, эмнэлгийн төлбөр гэх мэт мөнгө нэмэгдээд нэг хүн, нэг өрх их хэмжээний зардал гардаг байсан. Энэхүү оношилгоог дотооддоо хийдэг болсон бөгөөд одоогийн байдлаар 600 орчим  шинжилгээ хийгдсэн байна. Эндээс гэхэд дунджаар 3-4 тэрбум төгрөгийг дотооддоо авч үлдэж чадсан байна гэсэн үг.
 
-Эрүүл мэндийн сайдтай уулзсаных “Ковид-19” халдварын тухай асууя. Цар тахлын дэгдэлт, сөрөг нөлөө одоо ч буураагүй байна. Иргэд коронавирусийн аюул дуусаж байгаа гэсэн хандлагатай, нэлээн тайвширч байгаа үед дэлхийн улс орнуудад “сармагчны цэцэг өвчин” гэх, магадгүй хоёр дахь тахлын дохио дуулдаж эхэллээ?
 

-Засгийн газар “Ковид-19” цар тахлын эсрэг хариу арга хэмжээг маш сайн хэрэгжүүлж чадсан. Засгийн газар маш богино хугацаанд вакцин татаж, иргэдээ цар тахлын өндөр давалгаанаас  өрсөж вакцинжуулж чадсан, мөн вирусийн эсрэг эрт эмчилгээг өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан үнэ төлбөргүй хийх, зөвхөн хүнд өвчтөнүүдийг бус хүндрэх эрсдэлтэй өвчтөнүүдийг хэвтүүлэн эмчлэх орыг эрчимтэй нэмэгдүүлэн ажилласан нь нас баралтыг бага байлгах боломжийг бүрдүүлсэн.
Цар тахлын  эсрэг  хариу арга хэмжээний үр дүнг хэмждэг  гол  үзүүлэлт бол нас баралт байдаг. 2021 оны арван хоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар АНУ, Их Британи болон Франц зэрэг улсад нэг сая хүн дэх  ковидын нас баралт 2400-3000 байгаа бол манай улсад 580 буюу 4-5 дахин бага байна.  Энэ бол маш том үзүүлэлт, бид хүмүүстээ эмнэлгийн тусламж үйлчилгээг аль болохоор илүү сайн ойртуулж, үзүүлж чадсан гэсэн үг. Үнэндээ манай улс шиг  коронавируст халдварыг Өрхийн эмнэлгээрээ дамжуулан хянаж, эм, бэлдмэлээр үнэгүй  хангасан улс  байхгүй. Мөн бүсийн захирал Такеши Касай одоо эхлээд явж байгаа Эрт илрүүлэг арга хэмжээг ч өндрөөр үнэлж байсан. Хүн амын эрүүл мэнд рүү чиглэсэн ажлыг танай улс бусдаас түрүүлээд, “Ковид-19” халдварын дараах үлдэц буюу Лонг Ковидтой холбоод хийнэ гэдэг бол сайн жишиг, нэг алхам түрүүлээд алхчихлаа гэж үнэлж байна билээ.
Шинээр тархаж байгаа “сармагчны цэцэг өвчин” халдварын тухайд бол бид анхааралдаа авч, хилийн тандалтаа сайжруулаад явж байна. Одоогийн байдлаар асуумж хэлбэрээр тандалтыг хийж байна. Энэ төрлийн, үүнтэй төстэй халдварт өвчинтэй тэмцэх чиглэлд манай улсад туршлага бий. Монгол Улс 1940 онд цагаан цэцэг өвчнийг устгасан цөөн хэдхэн орны нэг шүү дээ.  Өвчний эхэн үед  халуурах   ядарч, сульдах гэх мэт ерөнхий шинж тэмдэг илэрч улмаар  эрүүн доорх, хүзүүний суганы булчирхайнууд хөндвөр болж цэврүүт тууралт гардаг. Тэрхүү цэврүү вирус агуулдаг ба цэврүү  хагарч халдвар тардаг ба уг өвчтний гэр бүл ба хавьтлууд эрсдэлтэй байдаг. Зуны улиралд олон хүн цугларсан наадам фестиваль үед олон хүн биендээ шахцалдан хүрэлцэх зэрэг үед халдварын эрсдэл үүсэх эрсдэл байгаа. 0-17 насны хүүхдүүд ба жирэмсэн эмэгтэйчүүд хүндрэх нас барах эрсдэлтэй гэдгийг ДЭМБ зүгээс анхааруулж байгаа. Энэ өвчнөөр өвчлөгсөдийн 2-3 хувь нь нас барах эрсдэлтэй байдаг гэсэн судалгаа байгаа. Халдвар одоогийн байдлаар дэлхийн 50  гаруй улсад 1000 гаран  хүнд бүртгэгдсэнийг  ДЭМБ-аас мэдээлсэн. 2022 оны 6  сарын 14-ний өдөр ДЭМБ-ын зүгээс энэ өвчний үед вакцинжуулалтыг зөвхөн хавьталд хийнэ гэсэн зөвлөмжөө гаргасан удахгүй удирдамжаа гаргаж гишүүн улсууддаа хүргүүлнэ.
 

Эх сурвалж: Өдрийн сонин 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна