2024/05/09

Герман улс Катараас шингэрүүлсэн хий авах урт хугацааны гэрээ байгуулжээ

info@inder.mn
2022/11/30

Өчигдөр Герман улс Катараас шингэрүүлсэн байгалийн хий авах урт хугацааны гэрээ байгуулжээ.

Тодруулбал Катарын төрийн өмчит Qatar Energy компани ConocoPhillips компанитай 2026 оноос эхлэн 15 жилийн турш жил бүр хоёр сая хүртэл тонн хийг Германы зах зээлд нийлүүлэх гэрээг байгуулсан байна.

Украины дайнтай холбоотойгоор ОХУ байгалийн хийн нийлүүлэлтээ зогсоосноос хамгийн их хохирол амссан Европын улс Герман юм.

Тус улс өөрийн хэрэгцээтэй хийн ихэнх хэсгийг Оросоос хоолойгоор дамжуулан авдаг байв. Харин одоо шингэрүүлсэн хийн хөвдөг терминал таван ширхгийг түрээсэлж, бусад эх үүсвэрүүдээс хий импортолдог болох гэж байгаа.

Катараас авах хийн хэмжээ Германы хэрэгцээтэй харьцуулахад өчүүхэн бага хэдий ч урт хугацаандаа импортоо нэмэгдүүлж, Оросын нийлүүлэлтээс хамааралгүй болоход чухал ач холбогдолтой эхлэл юм байна.

2021 онд тус улс ОХУ-аас 46 тэрбум шоо метр хий авч байжээ.

Германы худалдан авагчдад нийлүүлэлтээ нэмэгдүүлэх яриа хэлэлцээ үргэлжилж буйг Катарын эрчим хүчний сайд Саад Аль Кааби өчигдөр Доха хотод болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна.

Тус улс Германы RWE, Uniper SE зэрэг бусад худалдан авагчидтай урт хугацаанд хий нийлүүлэх гэрээ хэлэлцээ явуулж байгаагаа өмнө мэдээлж байжээ.

Өчигдөр байгуулсан гэрээний хүрээнд Катар дахь ConocoPhillips-ийн хамтарсан компани шингэрүүлсэн хийг Германы эрэгт угсралтын ажил нь одоо явагдаж байгаа Брунсбуттелын хөвдөг терминалд нийлүүлэхээр болсон байна.

Германы засгийн газар таван ширхэг ийм хөвдөг терминалыг ирэх 10-15 жилийн хугацаанд түрээслэн ашиглахад нийт 6.5 тэрбум евро зарцуулах ажээ. Эдгээр нь бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлбэл Германы хийн хэрэгцээний гуравны нэгийг хангах тооцоо гарсан байна.

 

Эх сурвалж: Bloomberg



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна