2024/12/27

Соёл, урлагийн сургуулиуд, сургалтын төвүүдийн нэгдсэн өдөрлөг болж байна

info@inder.mn
2023/04/13

НЗДТГ, Нийслэлийн Соёл, урлагийн газар хамтран Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй соёл, урлагийн сургуулиуд болон сургалтын төвүүдийн нэгдсэн өдөрлөгийг Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Нийслэлийн иргэд, хүүхэд, залуучуудад соёл, урлагийн үзвэр, үйлчилгээг нээлттэй, хүртээмжтэй хүргэх, соёл, урлагаар дамжуулан соён гэгээрүүлэх, боловсрол, мэдлэг түгээж, их хотын ирээдүйн соёлтой иргэнийг бэлтгэх зорилгоор тус өдөрлөгийг санаачилсан билээ.

Өдөрлөгт СУИС, Монгол Улсын Консерватори, КУДС, СИТИ дээд сургууль зэрэг 20 орчим сургууль болон сургалтын төвүүд үйл ажиллагаагаа танилцуулж, элсэлтийн шалгалтын бүртгэл хийн, урлагийн тоглолт зэрэг олон төрлийн арга хэмжээ зохион байгуулж байгаа юм.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Нийслэлийн зүгээс өнгөрсөн жилээс эхлэн Сүхбаатарын талбайд олон төрлийн арга хэмжээг зохион байгуулж байгаа. Тодруулбал, Ерөнхийлөгчийн нэрэмжит “UB Cup 2022” хөл бөмбөгийн тэмцээн, УИХ-ын даргын нэрэмжит “Үндэсний номын баяр”, 3X3 сагсан бөмбөгийн тэмцээн, “Улаанбаатар марафон” бүх нийтийн гүйлт гэх мэт олон арга хэмжээг зохион байгуулсан. Энэ жилийн тухайд төв талбайд зохиох арга хэмжээнүүдийн эхлэл болгон уг нэгдсэн өдөрлөгийг зохион байгуулж байна” хэмээсэн юм.

Уг өдөрлөгт оролцож буй соёл, урлагийн сургуулийн төлөөллүүд сэтгэгдлээ хуваалцлаа.

Монгол Улсын Консерваторийн захирал, УГЗ Ц.Пүрэвхүү:

- Монгол Улсын Консерватори нь түүхэндээ анх удаа 120 хүний бүрэлдэхүүнтэй гранд симфони оркестр гарган, хоёр дахь удаагийн тоглолтоо уг өдөрлөгийн үеэр толиуллаа. Харин маргааш 108 хүний бүрэлдэхүүнтэй үндэсний найрал хөгжим эгшиглүүлнэ.

СУИС-ийн Дүрслэх урлагийн академийн сургалтын албаны дарга М.Цэцэгсайхан: 

- Бид энэ арга хэмжээний үеэр сургалтын хөтөлбөр, оюутнуудын бүтээл, эрдэм шинжилгээ, судалгааны ажлынхаа ерөнхий танилцуулгыг хийхээр ирээд байна.  

СИТИ их сургуулийн Урлагийн сургуулийн IV курсийн оюутан:

- Манай сургууль голчлон урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тухайлбал, гоо засал, жүжигчин, кино драма, дуу, хөгжим, зураг гэх мэт олон чиглэлээр элсэлт авдаг. Багшийн ур чадвар, сургуулийн орчин, сургалтын хөтөлбөр зэрэг нь сургуулиа сонгох шалтгаан минь болсон.

Цэргийн Хөгжмийн политехник коллежийн IV дамжааны сонсогч Б.Нарантуяа:

-Манай сургуульд есдүгээр ангиа төгсөөд элсэх боломжтой. Элсэхдээ ур чадвар, сонсгол, биеийн тамирын шалгалт өгдөг. Миний хувьд багаасаа урлагт сонирхолтой байсан бөгөөд цэргийн сургуульд ч сурахыг хүсдэг байлаа. Харин сургууль маань миний мөрөөдөлд яг нийцэж байсан. Суралцах хугацаандаа үнэ төлбөргүй суралцахын дээр дипломын боловсролтой төгсгөдөг бөгөөд төгсөөд ажлын байр бэлэн байдаг нь маш том давуу талтай хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.   

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй соёл урлагийн сургуулиуд болон сургалтын төвүүдийн нэгдсэн өдөрлөг хоёр өдөр үргэлжилнэ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна