Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдааны эхэнд Агаарын бохирдлын асуудлаар Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын онцгой комиссын даргын мэдээллийг сонслоо. Энэ талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа танилцуулсан.
Агаар бохирдуулагч эх үүсвэрийн судалгаагаар агаарын бохирдлыг авч үзвэл гэр хорооллын айл өрх 55.6, автомашин 28.9, бусад хүчин зүйлс 15.5 хувь тус тус эзэлж байгааг салбарын сайд мэдээлэлдээ дурдаад гэр хороололд амьдардаг айл өрх 2023 онд 5.2 байсан бол 2024 онд 44 хувь болж буурсан үзүүлэлттэй байна гэв.
Мөн агаар дахь бохирдуулагч бодисын агуулгын хувьд РМ 2.5, РМ 10 тоосонцор гэр хорооллын хувьд 17.6, автомашинаас ялгарах нь 52.3, бусад эх үүсвэрт 30.1 хувь байна. Нүүрс төрөгчийн дутуу исэл гэр хорооллын хувьд 64.1, автомашинаас ялгарах нь 24.9, бусад эх үүсвэр 11 хувь байна. Хүхэрлэг хий гэр хорооллын хувьд 71.7, автомашинаас ялгарах нь 3.8, бусад эх үүсвэр 24.5 хувь байна. Азотын давхар исэл N02 нь гэр хорооллын хувьд 28.2, автомашинаас ялгарах нь 63.2 хувь, бусад эх үүсвэр 8.6 хувийг эзэлж байна. Судалгаанаас харахад, хүхэрлэг хий болон нүүрс төрөгчийн дутуу исэл нь гэр хорооллоос, РМ 2.5, РМ 10 тоосонцор болон азотын давхар исэл нь автомашинаас ялгарах утаанаас агаарын бохирдолд их нөлөө үзүүлж байна. Агаарын бохирдлын ихээхэн хувийг автомашинаас үүдэлтэй бохирдол эзэлж байна. Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 712,992 автомашин /2022 он/ бүртгэлтэй байгаагаас 74.2 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай байна. Автомашин 0-5 км/цаг хурдтай явахад түүнээс ялгарах хорт бодисын хэмжээ энгийн үеэс 2-3 дахин их байдаг. Иймд автомашинаас ялгарч буй бодисын хэмжээ байнга өсөх хандлагатай байгаа тул түгжрэлийг бууруулах арга хэмжээ авах шаардлагатай байна гэлээ.
С.Одонтуяа сайд мэдээлэлдээ, гэр хорооллыг орон сууцжуулан хотын төвлөрлийг сааруулан нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх бодлогын хүрээнд дэд төвүүдийг иргэдийг эрүүл, аюулгүй орчинд стандартын шаардлага хангасан орон сууц амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 202626 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлж байна. Дэд төвүүдийн бүтээн байгуулалтын хүрээнд 41584, дахин төлөвлөлтийн хүрээнд 148323, гадаадын зээл тусламжийн хүрээнд 12719 айлын орон сууцыг барьж байгуулахаар ажиллаж байна. Мөн хот байгуулалтын мэдээллийн санд аж ахуйн нэгж байгууллагууд 51200 айлын орон сууцны архитектур, төлөвлөлтийн даалгавар авсан бүртгэлтэй байна. Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдийн дэд бүтцийн ажлыг бүрэн дуусгаж, 20 минутын хот концепцийг бүрэн хэрэгжүүлэх 20000 айлын /Сэлбэ дэд төв 12000, Баянхошуу дэд төв 8000 айл/ жишиг орон сууцны хороолол барих ажлыг эхлүүлсэн. Сэлбэ дэд төвийн төслийн газарт өртсөн 2206 нэгж талбарын 1502 нэгж талбарыг чөлөөлж, төслийн эхний ээлжийн барилга, угсралтын ажлын тендерийг зарлаад байна. Баянхошуу дэд төвд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр эхний ээлжийн 3000 айлын ногоон орон сууцны төслийг эхлүүлсэн. Дэд төвүүдийг орон сууцжуулснаар агаарын бохирдлыг 22 хувиар, автозамын түгжрэлийг 36.3 хувиар бууруулахаар тооцсныг онцлон дурдлаа.
Хатуу түлшний хэрэглээг бууруулж, гэр хорооллын айл өрхийг хийн түлшинд шилжүүлэх төслийг эхлүүлсэн. Төслийг гурван үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд 2025 онд 15000, 2026 онд 40000, 2027-2028 онд 45000 нийт 100000 өрхийг хийд шилжүүлснээр гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдлыг 27.8 хувиар бууруулахаар тооцсон гэв.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих замаар амьжиргааг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд 45 өрхийг нарны эрчим хүчний эх үүсвэрт холбон бүрэн дулаалга хийж, цахилгаан халаагуурт шилжүүлнэ. Төслийн үр дүнд өрх бүр нүүрстөрөгчийн ялгаруулалтыг жил тутам 10-20 тонноор бууруулж, эрчим хүчний зардлаа 70 хүртэл хувиар хэмнэж, цаашлаад нүүрстөрөгчийн кредит борлуулснаар нэмэлт орлоготой болох боломжийг бүрдүүлсэн. Төслийг үргэлжлүүлж 2025-2026 онд 1000, 2027-2028 онд 10000 өрхийг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлэхээр төлөвлөснийг салбарын сайд танилцуулгадаа онцолсон.
Түүнчлэн Туул хурдны замыг байгуулснаар түгжрэлийг бууруулах ач холбогдолтой төдийгүй хөдөлгөөний дундаж хурдыг 13.5 хувиар нэмэгдүүлж, автомашинаас үүдэлтэй агаарын бохирдлыг найман хувиар бууруулна. Шинэ тойрог зам ашиглалтад орсноор нийт 68.4 км буюу хотын гол гудамж дагуу 13 км дотор тойрог замыг шинэчлэх, хотыг гадна тойрог байдлаар 55 км шинээр авто замын барьж байгуулах бөгөөд 4-6 эгнээтэй, олон түвшний уулзвар, огтлолцол бүхий байдлаар хийгдэнэ. Гэрлэн дохиогүй, 2-р түвшний тойрог хурдны авто замыг байгуулснаар хотын төвийн гол гудамж замуудын уулзвар, огтлолцлуудын нэвтрүүлэх чадварыг 27 хувиар нэмэгдүүлж, автомашинаас үүдэлтэй агаарын бохирдлыг 17 хувиар бууруулахаар тооцсон гэв.
Толгойтоос Амгалан хүртэл Энхтайваны өргөн чөлөө дагуу 17.7 багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро" сүлжээг нэвтрүүлнэ. Эл шугам 14 буудалтай, буудал хоорондын дундаж зай 1.3 км, нийт аяллын хугацаа 27 минут, дундаж хурд 39.2 км байх бөгөөд цагт 17500-26000 мянга хүн тээвэрлэх хүчин чадалтай байхаар төлөвлөсөн. Ингэснээр замын хөдөлгөөний дундаж хурдыг 48 хувиар нэмэгдүүлэх урьдчилсан тооцооллыг гаргасан гэж байлаа.
Эрчим хүчний тасралтгүй найдвартай байдлыг хангахаар дулааны II, III цахилгаан станцыг өргөтгөн, Бөөрөлжүүтийн цахилгаан станц, Багануурын цахилгаан станцуудыг ашиглалтад оруулж нийт 750 мВт хүчин чадлаар, бие даасан дулааны тархмал эх үүсвэрийг 10 байршилд байгуулж, Налайх дүүргийн дулааны станцыг барьж нийт 1545 мВт-ийн хүчин чадлаар нэмэгдүүлэхээр төлөвлэсөн. Мөн хог шатааж, эрчим хүч гарах үйлдвэрийг Морингийн даваа, Цагаан давааны хогийн цэгт төр, хувийн хэвшлийн түншлэлээр 2025-2028 онд байгуулахаар төлөвлөж, тендер зарлах бэлтгэл ажлыг хангаж байгааг салбарын сайд мэдээлэлдээ дурдлаа.
Нийслэлийн 8 постод Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн алба, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар 24/7 цагийн байнгын хяналт тавьж, Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Мөн 2024 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн Нийслэлийн засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчийн баталсан удирдамжийн дагуу 7 дүүрэгт иргэдийн зөв галлагаа, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлж, Засгийн газрын 62 дугаар тоогтоолын хэрэгжилтийг шалгах арга хэмжээ зохион байгуулан ажиллаж байна.
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч даргын 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн баталсан Монгол Улсын Засгийн газрын “Түүхий нүүрсний хэрэглээг хориглох тухай” 62, 223 тоггоолын хэрэгжилтэд хяналт шалгалт хийх удирдамж”-ийн хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Хэсэгчилсэн инженерийн хагамжийн удирдах газар /Сайжруулсан түлшний хяналтын хэлтэс/, Экологийн цагдаагийн алба, дүүргийн Засаг даргын Тамгын газар, хорооны Засаг дарга болон ажлын албатай хамтран Баянзүрх, Баянгол, Налайх, Сүхбаатар дүүргүүдийн нутаг дэвсгэрт “Агаарын чанарын сайжруулах бүсэд мөрдөх журам”-ыг зөрчсөн, хууль бусаар түүхий нүүрс хэрэглэсэн, бусад хориглосон шатах материал /автомашины дугуй, хуванцар/ түлсэн эсэхийг айл, өрх бүрээр нэг бүрчлэн шалгаж, илэрсэн зөрчлийг арилгуулах, эд зүйлс болон зөрчлийн ул мөрийг баримтжуулан ажиллах арга хэмжээг 4 дүүргийн нутаг дэвсгэрт 18 хорооны гэр хорооллын 18590 айл өрхийг хамруулан пийшин, зуухны галын аюулгүй байдал хангаагүй 12056 зөрчил илрүүлэн заавар зөвлөгөө өгч ажиллаж, агаарын бохирдлыг бууруулах, түүхийн нүүрс хэрэглэхгүй байх талаар бэлтгэсэн сурталчилгааны материал 100 гаруй ширхгийг тарааж ажилласныг мэдээлэлд дурдсан байв.
Дээрх төсөл, арга хэмжээнүүдийн үр дүнд 2025-2026 онд 674 өрхийг орон сууцанд, 15000 өрхийг хийд, 1000 өрхийг сэргээгдэх эрчимд хүчинд шилжүүлж, агаарын бохирдлыг 15 хувиар, 2027-2028 онд 20000 өрхийг орон сууцанд 40000 өрхийг хийд, 10000 өрхийг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлж, агаарын бохирдлыг 48-50 хувиар, 2028-2024 онд 82600 өрхийг орон сууцанд, 45000 өрхийг хийд, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг 30 хувьд хүргэж агаарын бохирдлыг 80 хувиар бууруулахаар урьдчилсан тооцооллыг гаргаад байгааг С.Одонтуяа сайд мэдээлэлдээ онцолсон.
Мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг Улсын онцгой комисс ойрын хугацаанд утаа нүүрлэсэн тулгамдсан асуудалд ямар ажил хийхээр төлөвлөсөн талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ хийн түлш буюу метан хийн орд илэрсэн эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал утаа, агаарын бохирдлыг бууруулахын тулд богино хугацаанд ямар арга хэмжээнүүдийг яаралтай авч, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар, Улсын Их Хурлын гишүүн С.Замира агаарын бохирдлыг бууруулахын тулд хөрш зэргэлдээ улс гүрнүүдтэй хамтран ажиллах, бохирдлыг бууруулахад тодорхой судалгаан дээр дүн шинжилгээ хийсэн эсэх талаар лавлаж байлаа.
Харин Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, түүхий нүүрс түлснээс ялгарч байгаа бодис нь элэгний хавдартай болох шалтгааныг нэмэгдүүлж байгаа талаар өөрийнхөө судалгаанаас дурдаад Нийслэлийн эрүүл мэндийн газраас утаа нь иргэдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буйг баримттайгаар хариулахыг хүсэв.
Ажлын хэсгээс, нийслэл хотын агаарын бохирдлын улмаас хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байгаа эсэх талаар дотоодын болон олон улсын судалгаануудыг хийсэн байдаг. 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 19-ний өдрийн 8 цагийн байдлаар Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төв болон харьяа эрүүл мэндийн байгууллагуудад угаарын хийн хордлогын 1988 тохиолдол бүртгэгдсэнээс 38 нь нас барсан хэмээх тоон мэдээллийг гаргасан хэмээн хариулж байлаа.
Үргэлжлүүлэн “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагаа, сайжруулсан түлшний нөөц, чанарын талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мэдээллийг сонслоо. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар ногоон хөгжил болон агаар орчны бохирдлыг хариуцсан орлогч А.Амартүвшин мэдээлэл хийв.
Тэрбээр, нийслэлийн агаарын чанарын сайжруулах бохирдлыг бууруулж гэр хорооллын 200 мянга гаруй айл өрх, аж ахуйн нэгжүүдийн стандартын шаардлага хангасан шахмал түлшээр тасралтгүй, найдвартай хангах зорилгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Засгийн газрын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 248 дугаар тогтоолоор компанийн удирдлагын түвшинд нийслэлийн оролцоог хангах, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахын зэрэгцээ УИХ-ын 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 27 дугаар тогтоолоор тус компанийн төрийн эзэмшлийн хувийг нийслэлийн өмчид шилжүүлэх тогтоол гарч, холбогдох арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж байна гэлээ.
Цаг уур, орчны шинжилгээний газрын Агаарын чанарын хэлтсээс, 2019 оны түвшнээс PM2.5 тоосонцрын үзүүлэлтийг 56 хувиар, PM 10 тоосонцрын үзүүлэлтийг 43 хувиар, хүхэрлэг хийг 20 хувиар тус тус бууруулсан гэж дүгнэсэн гэв.
Тус компани 2023 онд лабораторийн туршилтын шугамын ашиглалтад оруулснаар түүхий эд шахмал түлшний чанарыг хяналт болон бүтээгдэхүүнийг сайжруулалтын туршилт, судалгааг эрдэмтэн судлаачтай хамтран тогтмол явуулж байна. Үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойших зургаан жилийн хугацаанд 2.7 сая тонн шахмал түлшийг 600 орчим борлуулалтын цэгээр нэг шуудай түлшийг 950-375 төгрөгөөр хэрэглэгчид нийлүүлж ажилласан гэв.
Мөн тэрбээр бүтээгдэхүүний алдагдлыг бууруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх хүрээнд хийж буй ажлуудыг танилцуулсан. Өнөөдрийн байдлаар тус компани нь 2024-2025 оны өвлийн бэлтгэл ажлын хүрээнд 93 мянган тонн шахмал түлшний нөөцийг бүрдүүлж хоногт 2000-2500 тонн шахмал түлш үйлдвэрлэсэн нь 12 дугаар сарын 15-ны байдлаар 472.6 мянган тонн буюу 92 хувийн биелэлттэй байна. Нийслэлийн 7 дүүргийн 37 агуулахад болон үйлдвэрийн нөөцийн талбайд 71487.3 тонн шахмал түлшний нөөцтэй, үндсэн түүхий эд болох мидлинг нь 166.6 мянган тонн, барьцалдуулагч нь 7.2 тонн, шуудай 17.9 сая ширхэг нөөцтэйгөөр үйлдвэрийн хэвийн ажиллаж ажиллагааг хангаж ажиллаж байна. Мидлинг буюу угаасан эрчим хүчний нүүрс тээвэрлэлтийг 215 вагоноор сард 50 мянган тонноор тээвэрлэж байгаа бөгөөд 2024-2025 оны оны халаалтын улиралд 582 цэгээр хэрэглэгчдэд 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 477.3 мянган тонн шахмал түлшийг борлуулсан нь 99 хувийн гүйцэтгэлтэй байгааг мэдээлэлд дурдсан.
Мөн цаашид тус компани нь технологийн сайжруулалт хийж, өртөг зардал бууруулах талаар арга хэмжээг авч хэрэгжүүлэх болсныг танилцуулав.
Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлсэн.
Хуралдааны төгсгөлд Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцэхтэй холбоотой асуудлыг хэлэлцлээ.
Утааны асуудлаар хяналтын сонсгол явуулах талаар цахим системд байршуулсан нийтийн өргөдөл Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4-т заасан тоонд хүрсэн байна. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.3-д нийтийн өргөдлийг дэмжсэн иргэдийн санал энэ хуулийн 95.2-т заасан тоонд 70 мянга түүнээс дээш дэмжсэн бол УИХ-ын дарга саналыг хэлэлцүүлж, шийдвэрлэхээр холбогдох Байнгын хороонд ажлын таван өдрийн дотор хуваарилж, нэгдсэн хуралдаанд танилцуулна гэж заасны дагуу УИХ-ын даргын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, асуудлыг хэлэлцүүлж шийдвэрлэхээр тус Байнгын хороонд шилжүүлснийг Б.Бейсен дарга гишүүдэд уншиж, танилцуулав.
Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.4-т холбогдох Байнгын хорооны саналыг чуулганы үеэр хүлээн авсан бол 7 хоногийн дотор хэлэлцэж эхэлнэ гэж заасны дагуу уг асуудлыг хэлэлцсэн юм.
Эхлээд утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулахыг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 76.8 хувь нь дэмжлээ.
Мөн Ажлын хэсгийн ахлагчийг сонгох асуудлыг хэлэлцэхэд Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулах санал хураалтыг явуулав. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Үргэлжлүүлэн Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолыг хэлэлцэж, батлав. Уг тогтоолд Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий уг ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн ахалж, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Х.Баасанжаргал, Ц.Баатархүү, П.Батчимэг, Б.Баярбаатар, Г.Ганбаатар, Л.Мөнхбаясгалан, М.Мандхай, З.Мэндсайхан, Д.Найдалаа, Дам.Цогтбаатар, С.Лүндэг, А.Ундраа, Б.Уянга, С.Эрдэнэболд, С.Замира, М.Ганхүлэг нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар болсныг тусгасан байлаа.
Дээрх тогтоол баталсантай холбогдуулан Ерөнхий хяналтын сонсгол даргалагчийг сонгох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн. Ингээд Ерөнхий хяналтын сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнг сонгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна